Улсын аварга малчдыг танилцуулж байна: БАЛДАНДОРЖИЙН БАЯРЦОГТ

2022/01/27
Улсын аварга малчдыг танилцуулж байна: БАЛДАНДОРЖИЙН БАЯРЦОГТ

Жаран.мн сайт улсын аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-жараахай багийн малчин Балдандорж овогтой Баярцогттой танилцана уу.

Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн малчин Балдандорж овогтой Баярцогт нь 1959 онд Дашбалбар суманд Балдандоржын 2 дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа аав ээжийнхээ дэргэд Сэвсүүл гэх  газарт мал маллаж өнгөрөөсөн. Сумын дунд сургуульд 1967-1975 онд суралцаж 8 дугаар  анги төгссөн  бөгөөд 1975 онд илгээлтээр мал дээр гарч улмаар 1977 онд П.Наранцэцэгтэй гэр бүл болсон байна.

 1977-1980 онд Цэргийн албыг дэд түрүүч цолтой хааж, 1980 онд цэргийн албанаас  ирсэнийхээ дараа Эхнэр П.Наранцэцэгтэйгээ  өрх  тусгаарлан мал маллаж, малаа  5  толгой  тус  бүрээр  өсгөн  үржүүлэхээс  гадна 4 хүү, 2 охинтой болж,  хүүхдүүдэд  нь бүгд тус тусдаа өрх  тусгаарлан  амьдарч  байна.  Том хүү  Б.Баярхүү нь  хөдөө  мал  маллаж малаа  5 төрлөөр өгсөж  яваа сайн  малчин, хүү Б.Баяржавхлан  нь  сумын  сайн малчин 2019  онд  болсон бөгөөд  одоо хөдөө  малаа  маллаж амьдарч  байна. Охидууд нь аймаг, сумандаа ажиллаж амьдарч байна.

Ажил  амьдралын  мөрөөр

Б.Баярцогт нь ажлын гараагаа төрөлх нутгийнхаа Улз нэгдэлд МХЗЭ (Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн илгээлтээр очиж 1975-1977 он хүртэл 2 жил адуучин, 1980 - 1990 он хүртэл үхэрчин, 1991 онд нэгдэл  тарахад тэмээ 1, адуу 12, үхэр 7,   хонь 40, ямаа 15, бод, бог  нийлсэн 75 толгой  малыг  Улз нэгдлээс  хуваарьлан  өгсөн  байна. 1991  оноос хойш 29  жил хөдөө аж ахуйн  салбарт  мал  маллаж амьдрахдаа малаа  5 төрөл  дээр  нь жил  бүр өсгөж, улирлаа дагаж өвсний шим тэжээлтэй, ургац  арвинтай газрыг бараадан отор  нүүдэл тогтмол  хийж малын  тарга,  хүч, тэвээрэгт  онцгой  анхаарч малаа тарган онд оруулж ирсэн  байна.

Тэрээр малаа маллахаас гадна өөрийн сонирхолоор морь уяаж аймаг, суманд хурдлуулан  амжилттай  уралдуулж ирсэн бөгөөд  2009  онд Сумын “Алдарт уяач’, 2020 онд  Аймгийн  “Алдарт уяач”  цол тэмдгээр шагнуулсан. 

 Өвөл, хаврын улиралд мал сүргээ угтуулан тэжээж онд мэнд оруулж, малынхаа ашиг шимийг нь бүрэн ашигладаг, шаргуу хөдөлмөрч ажилсаг зан чанараараа зон олондоо хүндлэгдсэн нэгэн юм.

Б.Баярцогтын гэр  бүл  нь өдгөө өндөр настны тэтгэвэртээ гарсан одоог хүртэл мал аж ахуй эрхлэн  хөдөө аж ахуйн  салбарт  үнэтэй  хувь нэмэр  оруулж яваа тэргүүний  ахмад малчин юм.

             

Улсын аварга малчдыг танилцуулж байна: БАЛДАНДОРЖИЙН БАЯРЦОГТ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх