Хүүхэд садар самуунд уруу татсан бичлэг, зураг бүхий 502 групп болон линкийг устгуулжээ
Монгол улсад цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн зөрчил сүүлийн 5 жилийн хугацаанд 3,000 хол давсан. Хүүхдүүд хуурамч хаяг, цахим группээр дамжуулан цахим дарамтад өртөх, танихгүй хүнтэй танилцаж бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, цаашлаад амиа хорлоход хүрэх эрсдэл нүүрлээд байна. Олон улсын жишгээр 13-аас доош насны хүүхэд сошиал медиа хэрэглэх шаардлагагүй гэдэг ч манайд 6 настайгаасаа эхлэн эцэг эхийнхээ хаягаар нэвтэрч байна. Тиймээс хуулиар 13-аас доош насныханд цахим сүлжээ ашиглахыг бүр мөсөн хориглох, 13-16 насныханд хязгаарлалттай хэрэглүүлэх заалтыг тусгаж, гомдол мэдээлэл хүлээн авах шуурхай “Дуудлагын төв” ажиллуулах нь зөв гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны дарга дэд хурандаа Д.Будзаан мэдэгдэв.
Цахим хөгжлийн яам болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хүүхэд садар самуунд уруу татсан контентуудыг устгах ажиллагааг эрчимжүүлжээ. 2025 онд хүүхэд садар самуунд уруу татсан бичлэг, зураг бүхий 502 групп болон линкийг устгуулсан. 2026 оны эхний 4 сарын байдлаар 200 орчим үүнтэй ижил мэдээллийг хүлээн авч, олон улсын сошиал платформуудтай байгуулсан гэрээний дагуу устгах арга хэмжээг авч байна.