Хандивын аян үргэлжилсээр...

2020/03/04
Хандивын аян үргэлжилсээр...

Дэлхийн хэмжээнд Коронавирус (Covid-19) хурдацтай тархаж буй энэ үед Монгол улс ч мөн адил урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг шат дараалан авч байгаа билээ. Дорнод аймгийн хувьд Коронавирус (Covid-19) вирус тархсан БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг учраас халдвар тархах аюулын өндөр зэрэглэлд багтдаг. Ийм учраас Дорнод аймгийн Онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг цаг тухай бүрд нь яаралтай авч хэрэгжүүлж байна.

Аюулт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн хариуцлагатай байдал чухал байгаа энэ үед аймгийн ЕБС-иудын 2005 оны төгсөгчид хандивын аян өрнүүлэн хамгаалалтын хувцас, 3 төрлийн гар ариутгагч бодис, амны хаалтыг аймгийн Онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө. Уг хандивын аян нь үүгээр дуусаагүй, цаашид үргэлжлүүлэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаа хандив зохион байгуулагчид хэлсэн юм. Мөн Дорнод аймгийн Татварын хэлтсийн хамт олон урьдчилан сэргийлэх энэхүү ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1 өдрийн цалин болох 1 сая 689 мянган төгрөгийг мөн аймгийн Онцгой комисст хандивлалаа.

Дээрх хандив нь энэхүү урьдчилан сэргийлэх ажилд маш том нэмэр болж байгааг хэлж, хандивт оролцсон Дорнод аймгийн ЕБС-иудын 2005 оны нийт төгсөгчид болон аймгийн Татварын хэлтсийн хамт олонд талархаж буйгаа аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн илэрхийллээ. Мөн эдгээр хандивын эд зүйлс, мөнгөн хөрөнгийг нэн шаардлагатай байгаа байгууллага, албан хаагчдад хүлээлгэн өгч, эргэн тайлагнахаа мэдэгдсэн юм.

Хандивын аян үргэлжилсээр...  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх