Мэргэжлийн сэтгүүл зүй сул байгаа газарт нийгмийн сүлжээ давамгайлдаг. Энэ үгийг Жаран.мн сайт ишлэл болгон эхлэхийн учир нь нийгмийн сүлжээнээс үүсэлтэй мэдээллийн урсгал ихсэх тусам тухайн мэдээллийн үнэн бодит байдал буурах, үнэн худлыг ялгаж ойлгоход төөрөгдөх хандлага нэмэгдэж байдаг гэж мэргэжлийн багш, судлаачид үздэг. Тиймээс Дорнод аймагт шинээр нээж буй Жаран.мн сайт нь мэргэжлийн ёс зүйтэй, мэдээллийн бодит байдлыг баталгаажуулсан, аль аль талын байр суурийг харуулсан тэнцвэртэй мэдээ мэдээллийг шуурхай хүртээмжтэй хүргэх албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй орон нутаг дахь анхны видео сайт юм.
Жаран гэдэг үгийн утгыг тайлбарлавал, хүний насны арван хоёр жилийн үечлэл тав дахин давтагдахыг нэг жаран гэдэг. Монгол цагалбар нэгэн жарнаар хэмжигддэг бол өнөөдөр дэлхий нийтэд мэдээлэл жаран секундээр хэмжигдэх болсон. Мэдээллийн асар хурдацтай урсгал дундаас үнэн бодит мэргэжлийн чиг баримжаатай мэдээллийг товч тодорхой шуурхай хүргэнэ гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм.
Мэдээлэл түгээх, хүлээн авах боломж хот хөдөөд ижил түвшинд хүрээд байна. Компьютер, гар утсаар хаанаас ч мэдээлэл авах боломж бүхий техник технологийн дэвшлийг дагаад Жаран.мн сайт ихэнх контентоо видео хэлбэрээр үзэгч уншигч та бүхэнд хүргэх болно.