Зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар Дорнод аймагт 4 удаагийн газар хөдлөлт болоод байна. Эдгээр тохиолдлууд нэг суманд нэг байршилд болсон нь нэг талаасаа анхаарал татаж нөгөөтэйгүүр иргэдийн дунд багагүй айдас үүссэн байна. Ийм учраас бид газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын дарга М.Өлзийбаттай ярилцлаа.
- Он гарсаар Дорнод аймагт 4 удаагийн газар хөдлөлт болоод байна. Энэ тохиолдлууд бүгд нэг байршилд байгаа нь анхаарал их татаж байна.
- 2020 он гарсаар Дорнод аймгийн нутагт тухайлбал таны асууж буй газрын тосны олборлолтын талбайд нийтдээ 100 гаруй удаагийн газар хөдлөлт болоод байна. Харин үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4 удаа болсон. Хүнд мэдрэгдэх гэдэг нь хүчтэйвтэр, өөрөөр хэлбэл суурин газар болон голомтын орчимд байгаа ард иргэдэд мэдрэх хэмжээтэй чичирхийлэл үүсгэсэн газар хөдлөлтүүд гэсэн үг. Үүнээс 2020 оны 07 сарын 04-ны өдрийн магнитуд 5.1 хүчтэй газар хөдлөлт нь тус бүсэд ажиглагдсан хүчтэй газар хөдлөлтөнд тооцогдоно.
- Матад сумаас зүүн тийш 70, 80 км гэхээр Газрын тосны 19-р талбайтай давхцаж байна. Өнгөрсөн оноос эхлээд нийт 5 удаагийн газар хөдлөлт энэ орчимд болсон юм байна. Тэгэхээр газрын тосны олборлолттой холбоотой байх магадлалтай юу?
-Монгол орны нутаг дэвсгэрийг ерөнхийд нь хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий идэвхтэй бүс нутаг ба харьцангуй идэвхжилт багатай бүс гэж ангилж үздэг. Идэвхтэй бүс нутаг Монголын баруун болон төвийн бүс нутаг харин идэвхжилт багатайд зүүн аймгийн нутгууд багтаж байдаг. Тухайлбал Монгол Алтай, Говь-Алтай, Хангай нуруудад магнитуд 8 дээш хүчтэй газар хөдлөлтүүд болсон байдаг. Харин зүүн аймгийн тухайлбал Дорнод аймгийн нутагт хүчтэй газар хөдлөлтүүд болж байгаагүй тайван нутаг. Харин дээр өгүүлсэн газар хөдлөлт нь тус бүс нутгийн хувьд ажигдлагдсан хүчтэй газар хөдлөлтийн нэг болох байх. Ерөнхийдээ нийт бүс нутгийн хэмжээнд авч үзвэл магнитуд нь 5 хүчтэй газар хөдлөлт хоёр ч удаа богинохон хугацаанд болоод буй. 2019 оны 5 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт, Дорнод аймгийн Матад сумаас урагш 65 км зайд хүчтэй газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлтийг чичирхийлэл Чойбалсан хотод мэдрэгдсэн байдаг.
- Хамгийн сүүлд болсон газар хөдлөлт нилээд хүчтэй болсон. Газрын тосны 19-р талбайн кэмпийн эд зүйлс нурах, хүмүүст доргилт чичиргээн мэдрэгдсэн. Иргэдийн дунд ямар нэгэн дохио байж болох юм гэсэн яриа гараад байна.
-Иргэдийн бодол маш зөв байна. Үндсэн хуулиараа аюулгүй тайван орчинд амьдрах эрх нь заагдсан байгаа. Тэгэхээр ойрхон болоод байгаа эдгээр хүчтэй газар хөдлөлтүүдийн учир шалтгаан, хэрвээ үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болбол ямаршуухан хэмжээний хохирол амсаж болох талаар бид нарийн судалж тогтоох ёстой. Миний бодлоор, судлаач хүний хувьд үзэхэд дээр өгүүлсэн газар хөдлөлтүүд нь байгалийн, тектоник хөдөлгөөнтэй холбохоос илүүтэй хүний үйл ажиллагаатай холбоотой байх магадлалтай гэсэн дүгнэлт хийх боломжтой. Гэхдээ нарийвчилсан судалгааны ажил хийж байж үндсэн шалтгааныг тогтоох ёстой. Ойрын үед энэ асуудлыг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж судалгааны ажил эхлүүлэх шаардлагатай байгаа. Ер нь дэлхийн хэмжээнд газрын тосны олборлолтоос хамааран болсон хүчтэй газар хөдлөлтүүд байдаг. Энэ жишээг АНУ, Хятад зэрэг олон улсуудад болсон өдөөгдсөн газар хөдлөлт, түүнээс учирсан гамшиг зэргээс харж болно. Өдөөгдсөн хүчтэй газар хөдлөлт гэдэг нь шууд хүний үйл ажиллагаатай холбоотой болсон гэсэн үг.
- Газар хөдлөлт болох аюулыг урьдчилан мэдэх боломжтой юу?
-Дэлхийн шинжлэх ухаан хүчтэй газар хөдлөлт болох хугацааг урьдчилан хэлэх түвшинд өнөөгийн байдлаар хүрээгүй байна. Гэхдээ энэ талаархи судалгааны ажлууд эрчимтэй хийгдэж байгаа. Урьдчилан мэдсэн зарим тохиолдлууд бий. Гэхдээ амжилтанд хүрэх болоогүй. Харин болзошгүй аюулыг урьчилан таамаглаж арга хэмжээ авах нь газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх үндсэн нэг арга болсоор удаж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлт болох боломжит голомтуудыг тогтоон улмаар түүнээс учирч болох аюулыг үнэлэхэд оршдог. Ингэснээр бид хот тосгон, суурин газар болон үйлдвэрийн бүс нутгаа зөв төлөвлөж тэсвэртэй байхаар байгуулж болно.
- Манай улсын хувьд газар хөдлөлтийн эрсдэл ямар байдаг вэ?
- Дээр өгүүлсэнчлэн эрсдэл өндөртэй бүс нутагт багтаж байдаг. Нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь 7 баллаас дээш бүсэд багтдаг. Өнгөрсөн зуунд гамшиг учруулах хэмжээний буюу магнитуд 8 тай, баллаар бол 10-12 баллын хүчтэй газар хөдлөлт 4 тохиолдсон зэрэг нь эрсдэл бүхийнутаг дэвсгэр гэдгийг харуулж байдаг.
- Хүчтэй газар хөдлөлтөнд юу болохыг төсөөлөхөд хэцүү. Тиймээс иргэд газар хөдлөлтийн үед өөрөөс шалтгаалах ямар арга хэмжээг авах ёстой байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтөөс ямаршуухан хэмжээний ауюл, гамшиг зовлон учирдаг болохыг бид мэдээ, сонин, телевизээр олонтоо харсан. Тэгэхээр эрсдэл бүхий бүс нутагт амьдардагийн хувьд бүгд энэ талаар санаа зовж аюулгүй байдлаа хангаж амьдрах шаардлагатай. Шинжлэх ухаанчаар хот суурин газраа төлөвлөж, барилга байшингаа норм дүрмийн дагуу сүндэрлүүлж, гамшгаас хэрхэн хамгаалах сургалт зөвлөмжийг дагах ёстой. Энэ талаар төр засаг болон олон улсын байгууллагууд ч ихээхэн анхаарч олон ажлыг зохион байгуулж байгаа. Ялангуяа ОБЕГ-аас ихээхэн анхаарч сургалт зөвлөмжүүдийг олон нийтэд тарааж байгаа. Харин хяналт шалгалтын системийг улам боловсронгуй болгож арга хэмжээ авч ажиллах асуудлыг төгс шийдэх ёстой байх. Иргэд, бизнес эрхлэгчид маань мөнгө гэхээсээ илүүтэй чанартай норм дүрэм журмаа сахиж ажиллах нь гамшгаас сэргийлэх хамгийн том алхам юм. Энгийн жишээ дурдахад барилга байшин барьж ашиллалтанд өгч буй байгууллагуудаас энэ нь заасан норм дүрмийн дагуу баригдаж уу үгүй юу, миний амьдрах аюулгүй орчинг бүрдүүлсэн байна уу гэдэг талаас нь харж шаардаж байх ёстой байх.
- Баярлалаа, Таны ажилд амжилт хүсье.
- Баярлалаа
А.Ичинхорлоо
М.Өлзийбат: Ойрын үед Газрын тосны талбайд газар хөдлөлтийн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай | |
Jaran.MN Facebook |