УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Халх гол, Матад, Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сумын иргэдтэй уулзаж байна. Халх гол суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж, төрийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сумын ард иргэдийн амьдрах тохь тух сайжирсан.
Гэхдээ 1200 орчим иргэн амьдарч байгаа хуучны орон сууцнуудын халаалт, дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. Энэ талаар Халх гол сумын удирдлага УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд танилцуулж, тэрээр холбогдох яам, тамгын газарт уламжлан шийдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Матад суманд ажиллах үеэрээ зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх Ганганцэцэгтэй уулзаж, Ерөнхий боловсролын сургуулиа энэ хавар төгссөн хүүг нь цаашид Их дээд сургуульд үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна.
Тэрчлэн хил хамгаалалтын чиглэлээр багагүй ажил өрнөж байна. Тухайлбал, Буйр нуурын усан хил хамгаалалтын бодит байдалтай танилцаж, үр дүн маш сайн гарч байна гэж дүгнэсэн юм. Буйр нуурын усан хил хамгаалалтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ аргачлалд шилжүүлснээр өмнө жилүүдэд хөрш орны талаас үйлдэгдэж байсан хулгайн ан, загас агнуурыг бүрэн таслан зогсоож чадсан гэхэд болно. Цаашид ч улам чанаржуулж, өргөтгөх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт хилийн торыг шинэчлэх ажил одоогоор үргэлжилж байна. Энэ жил 100 орчим км-т хилийн торыг шинэчлэн барьж байгуулахаар төлөвлөж, хилийн 0132, 0252, 0151 дүгээр ангийн албан хаагч, инженерийн бүлэг ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд Баянтүмэн сумын малчдаас цаг агаар муудахад мал хилд тулж, хил давах эрсдэл үүсдэг учир хилийн торыг шинэчлэн сэргээн засварлах талаар малчдаас санал хүсэлт тавьж байсан юм. Тэгвэл энэхүү санал хүсэлт эхнээсээ ажил хэрэг болж, хилийн тор шинэчлэх ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Чулуунхороот сумын нутгаар хойд хөрштэй хиллэдэг хэсгээр хүн, мал хил давах тохиолдол цөөнгүй гардаг. Үүнийг таслан зогсоох үүднээс дохиолол, хяналтын систем бүхий хашаажуулалт хийх ажил үргэлжилж байна. Чулуунхороот суманд хилийн тусгай салбар байгуулах ажлын эхлэл энэ өдрүүдэд тавигдаж, төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа аж. Цаашид Эрээнцавын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлснээр Чулуунхороот сумын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Хавиргын боомтод тохижилтын ажил хийгдэж дуусчээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Баяндун суманд ажиллаж, Ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа.
Тэрээр Баяндун суманд ажиллах үеэрээ Улз голын урсацыг сайжруулах төслийн багийнхантай уулзаж, төслийн явцтай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй уулзалт хийхээр болсон байна. Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших Их, Бага бүрд булгаас эх авч, улсын хил дагуу Хэнтийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутгаар дайран урсдаг.
Баяндун сумын иргэн, хувиараа гутлын жижиг үйлдвэрлэл эрхэлдэг Ууганбаяртай уулзаж, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх талаар санал солилцон, ажлын байраа шинэчлэхэд нь зориулж мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Хэрлэн сумын 4-р багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ цэцэрлэгийн гаднах инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг ч мөн яаралтай шийдэхэд анхаарч ажиллана гэв.
Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн УИХ-ын даргын тэргүүлж буй Хууль зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тойрогтоо ажиллаж байна | |
Jaran.MN Facebook |