Баян-Уул сум хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судална

2020/08/05

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тойрогтоо ажиллах үеэрээ Баян-Уул сумын удирдлагатай уулзаж, 2012-2016 оны хооронд тус суманд эхлүүлээд орхисон, тодорхойгүй шалтгаанаар зогссон ажлуудтай танилцаж, цаашид сум хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх боломж, нөхцлийг судалж ажиллахаа илэрхийлэв. Баян-Уул суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилга шинээр баригдаж байгаа. Барилгыг бүрэн дуусгахын тулд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэв. Энэ талаар тус сумын удирдлага УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд танилцуулж, тэрээр холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллана гэсэн юм.

Түүнчлэн Цагаан-Овоо суманд ажиллахдаа “Элст цагаан тэмээт” хоршооны үүсгэн байгуулагч Алтангэрэл, Байгалмаа нартай уулзаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоршооны хөгжлийн талаар санал солилцсон байна. Энэхүү хоршоо нь цагаан идээний үйлдвэрлэл эрхэлдэг ч эргэлтийн хөрөнгөний асуудал тулгамдаад байгаа аж.

Мөн Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Цагаандамдины хүү Сайнбилэг, түүний гэргийтэй уулзаж, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин зон олны аж амьдрал, уламжлалт мал аж ахуйг төрөөс хэрхэн дэмжиж, ямар бодлого баримтлах талаар санал бодлыг нь сонссон байна.

Баян-Уул сум хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судална   
Jaran.MN Facebook