Хоёр тамганы дундах эрх ашиг

2020/09/29

           Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Бие гэдгийг нам, гэр гэдгийг төр засгаа гэж үзье. Тэгвэл биеэ засч чадаагүй байж улс орныг засалцах гэж юу байхав дээ гэж утгачилагдана.

          Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ хаяанд ирж маргааш нэр дэвшигчдэд албан ёсоор үнэмлэх гардуулах гэж байхад Дорнод аймгийн Дашбалбар сумын АН-ын нөхөд бужигнаатай, нэг намын 2 тамга барьж нэр дэвших эсэх дээрээ тулалдаж байдаг.

          Дорнод аймгийн Дашбалбар сум буюу ИТХ-ын 6-р тойрогт 1 мандатны төлөө 1 намын 2 дарга нэрээ дэвшүүлж байна. Гэвч сонгуулийн хороо аль нэгийг нь бүртгэх хуультай. Чухам хэнийг нь вэ гэдэг нь сонин.  

Энэ хэрэг ингэж эхлэв,

        Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хороонд 2020 оны 8-р сарын 14-нд  Б.Баттулга даргатай гэх, Б.Билгүүн даргатай гэх утга ижил 2 өөр тамгатай хүсэлт иржээ. Хоёулаа Ардчилсан намын Дашбалбар сумын хорооны дарга бөгөөд хоёулаа тамга тэмдэгтэй. Үүнийг  Дашбалбар сумын сонгуулийн хороо хянаж бүртгэхээс татгалзах тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг дээрх нэг намын 2 дарга эсэргүүцэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Ардчилсан намыг сонгуульд оролцох намаар бүртгэх шаардлага бүхий хэрэг үүсгэв. Өөрийгөө Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны дарга гэх ХНТ 3868 тамгатай Б.Баттулга нь 2018 оны 03-р сарын 25-ны өдөр Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа гэх. Тэрээр 2017 оны 6-р сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Ардчилсан намын даргаас Дашбалбар сумын хорооны дарга Б.Билгүүнд шийтгэл оногдуулж намын гишүүнээс 8 жилийн хугацаатай хасах шийдвэр гарч түүний дараа даргаар сонгогдсон гэх,  

          Харин өөрийгөө Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны дарга гэх ХНТ1029 тамгатай Б.Билгүүн нь 2016 оны 8-р сарын 22-ны өдөр Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар сонгогдсон байж. Гэтэл 2017 оны 6-р сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Ардчилсан намын дарга П.Алтангэрэл сахилгын шийтгэлийг ямар ч үндэслэлгүй буюу үндсэн дүрмийн салбар хорооны албан ёсны дүгнэлтгүйгээр гаргасан нь дүрэм журмаа зөрчсөн асуудал болсон гэв. Ингээд Б.Билгүүн шүүхээр намын дарга П.Алтангэрэлийн гаргасан шийдвэрийн үнэн худлыг шүүлгэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэжээ. Түүнд үндэслэлгүй оноосон сахилгын шийтгэл хүчингүй болж Дашбалбар сумын албан ёсны намын дарга хэвээр үлдсэн гэх,

Гэтэл хэн хэн нь намын дарга болох шийдвэртэй бас тамгатай асуудал эргэлзээтэй болж эхлэв.

           Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 27-р зүйлийн 27,2-т зааснаар нэг намаас 2 өөр дарга, 2 өөр тамгатай хүсэлтүүд ирүүлсэн нь “бүртгэхээс татгалзах” үндэслэл болсон гэж үзсэн Дашбалбар сумын сонгуулийн хорооны тогтоолтой аймгийн сонгуулийн хороо ч ижил байр суурьтай байсан учир 2 тамгатай нэг намын 2 дарга нэгдэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь энэ.

           Гэтэл хуулиараа энэ асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Учир нь Улсс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,9-д намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл  ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй, намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

           Тэгвэл нэг намд 2 тамга бий болсон асуудалд хэн хяналт тавих ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бидний ойлгож байгаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газар тамга тэмдгийн асуудлыг зохицуулах ёстой ч намын тамга тэмдгийг Улсын бүртгэлийн газар бүртгэдэггүй байх нь.

           Ингэхээр тэд л зөвхөн өөрсдийгөө би жинхэнэ дарга гээд байна уу? Бас үгүй юмаа. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь 2019 оны 5-р сарын 16-ны өдөр Б.Билгүүнийг Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэдгийг тодорхойлжээ. Харин Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш нь 2020 оны 6-р сарын 2-ны өдөр Б.Баттулгыг Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар батламжилжээ.

Ингээд эднийг дарга гэдгийг нь баталсан албан тоотыг ч аль аль талаасаа үйлдсэн байх юм.

           Дорнод аймгийн Ардчилсан намын үндсэн дүрмийн салбар хорооны дарга Л.Сүхбаатар 2020,08,07-ны өдрийн албан тоотдоо сумын Ардчилсан намын дарга Б.Билгүүн нь ХНТ 1029 дугаар бүхий хүчинтэй тамгаар орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт явуулах тухай дурдсан байна.

         Харин Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш 2020,08,15-ны өдрийн албан тоотдоо сумын Ардчилсан намын дарга Б.Баттулга хэвээр бөгөөд ХНТ 3868 дугаар бүхий тамгатай гэдгийг дурджээ.

Ингээд 2 дарга, 2 тамга бүхий маргаанд шүүх шийдвэр гаргасан ч бас л эцэслэгдэх боломжгүй, ойлгомжгүй.

         Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын ИТХ-ын сонгуульд оролцох намаар бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгасан атлаа Б.Баттулга, Б.Билгүүн нарыг дээрх тамгатайгаар нь бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Үндсэндээ намыг нь бүртгэ, гэхдээ эдгээр дарга нарын эзэмшиж байгаа тамга тэмдэгтэйгээр бүртгэхгүй гэсэн шийдвэр.

         Намыг нь бүртгэх нь тодорхой болсон ч чухам аль тамга хэн гэгч даргатайг нь бүртгэх асуудал бүрхэг хэвээр. Одоогоос яг 10 хоногийн өмнө буюу 2020 оны 9-р сарын 19-ны өдөр Дашбалбар сумын сонгуулийн хороо Дорнод аймгийн прокурорын газрын 2020,08,28-ны өдрийн 4/682 дугаартай тогтоолыг үндэслэн ХНТ 1029 дугаар бүхий тамгатай сумын Ардчилсан намын хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэжээ. Гэтэл  2020 оны 9-р сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш Прокурорын газарт гомдол гаргажээ. Дашбалбар сумын Ардчилсан намын дарга асан Б.Билгүүн нь хүчингүй болсон Дашбалбар сумын намын хорооны тамгыг хууль бусаар ашиглаж байгаа тул тамгыг хураан авч өгнө үү гэсэн утга бүхий. Харин прокурор хэрэг бүртгэл нээхээс татгалзаж, ингэхдээ прокурор өмнө гаргасан өөрийн шийдвэрээсээ няцаж Дашбалбар сумын сонгуулийн хороо прокурорын тогтоолыг үндэслэл болгосон нь буруу байх тул дээрх сумын сонгуулийн хорооны шийдвэрийг аймгийн сонгуулийн хороонд, мөн намын дотоод асуудлаа Улс төрийн намын тухай хуулийн дагуу дээд шатны байгууллагадаа хандан шийдвэрлүүлж гэжээ.

Ингээд “болно гэхдээ болохгүй” гэдэг хууль хяналтын байгууллагуудын шийдвэртэй.

          Нийтлэлийн эхэнд, намыг биеэр, улсыг гэрээр төлөөлүүлэн хэлсэн учир ийм санж. Ирэх 4 жилд төрийг удирдаж түмэн олны эрх ашгийн төлөө ажиллах өндөр хариуцлага бас даалгавар авахаар сонгуульд оролцох гэж буй намын төлөвшил орхигджээ. Яг үнэндээ биеэ засаагүй байж гэрээ засахын ухааныг огоорч ойлгоогүй л яваа. Ийм байж улсаа засалцах гэж хөөрцөглөхийн хэрэг юун.  

 

Хоёр тамганы дундах эрх ашиг   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх