Урьд шөнө Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас орж ирсэн ачаа тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гарснаас 4 хоногийн дараа тухайн жолоочоос болон эхнэрээс нь COVID-19 халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан нийслэлд 3 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож эдгээр 2 иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан 16 хүнийг тогтоож, бусад хавьтлыг тогтоохоор тандалт судалгаа үргэлжилж байна. Энэ хугацаанд УОК-ын шийдвэрээр нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвүүд болон үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг мөн 3 хоногийн хугацаатайгаар зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан аймгуудын онцгой комисс хуралдан COVID-19 халдвараас сэргийлэх арга хэмжээг авч эхэллээ. Дорнод аймгийн тухайд дээрх 3 хоногийн хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Харин хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд, ресторан кафе, зочид буудлууд халдвар, хамгааллын дэглэм баримтлан хэвийн ажиллах юм байна.