Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв.
Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав.
Мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн хамтарсан үнэлгээгээр КОВИД 19 халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлэгджээ. Иймд халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх 5 хоногийн хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт дараахь дэглэмийг мөрдүүлж ажиллана.
1. Хязгаарлалт тогтоохгүй ажиллах төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа
- Эрчим хүчээр хангах
- Хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа
- Шатахуун, түлш, тос тосолгооны материалын хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлт
- Банкны төлбөр тооцоо
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьектийн үйл ажиллагаа
- Шүүх, прокурорын үйл ажиллагаа
- Оршуулга
2. Зөвхөн шаардлагатай ажилтнууд ажиллах байгууллага
- Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- Аймаг, сумдын ЗДТГ
- Автотээврийн төв
- Чойбалсан олон улсын нисэх буудал
- УБТЗ-ын Баянтүмэн тасаг
- Хүнс, хөдөө аж ахуйн газар
- Ус цаг уур, орчны шинжилгээний төв
- Гэрэл сэтгэмж ОНӨҮГ
- Чойбалсан хөгжил ОНӨҮГ
3. Дээрхээс бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зайнаас цахимаар үйл ажиллагаагаа явуулна.
4. Ус түгээх усан сан, Шатахуун түгээх станц, Эмнэлэг, Эмийн сан, Хүнсний дэлгүүр, Хүнсний захаас бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ үзүүлэхгүй.
5. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, /ганц бие эцэг/-ийг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх
6. Хөдөлгөөний хязгаарлалтын тухай:
- Аймаг, сум, багаас орж гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн хүнс, шатахууны тээвэрлэлт, буяны ажил, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Иргэд ундны цэвжр ус, хүнс, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх.
7. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглож байна.
Коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мөн тэдгээрийн ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ. Тэдний шинжилгээний хариу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт гарах аж. Мөн дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Дээрхи тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.