Өнөөдөр "Зулын 25" буюу Богд ламын дүйчэн өдөр тохиож байна

2020/12/10

Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг.

"Зулын 25"-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой.

Зул өргөх ёс

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай. Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг.

Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог.

Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг. Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг. Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг. Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа "Ум аа хум" тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг. Зул асаах, зул бүтээх үедээ амьсгалаа оруулалгүй, амны хаалт хийж хэвшвэл зохимжтой.

Зул өргөсний ач буян, тус эрдэм

Зул өргөхийн тус эрдмийг Бурхан багш бээр олонтоо айлдсан байдаг. "Хутагт Зулын өргөл" хэмээх сударт зулын өргөл өргөгч тэр үхэхийн цагт дөрвөн гэгээнийг олох бөгөөд аль дөрөв хэмээвээс: өмнө нь нарны хот мандал ургахыг үзэх ба өмнө нь сарны хот мандал ургахыг үзэх, тэнгэрийн нөхөд оршсоныг үзэх хийгээд бурхныг үзэх болмуй" хэмээн айлдсан байдаг байна.

Зул өргөсний ач буян хэмжээлшгүй бөгөөд өөрийн мунхаг тэргүүтэн нүгэл хилэнц нимгэрч, оюуны мэлмий нээгдэж билэг ухаан төгөлдөр болох, хойд төрөлдөө өндөр язгуурт төрөх, санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх зэрэг тус эрдэмтэй .

Нас барагсдын хойтын буянд зориулж зул өргөвөөс зул өргөсний буянаар сайн төрлийг олдог. " Үйлийг тийн ялгагч" сударт зул өргөсний ач буян, тус эрдэмийг:

Нэг. Ертөнцөд зул мэт болно

Хоёр. Асар ариун махан нүдийг олно

Гурав. Асар ариун тэнгэрийн нүдийг олно

Дөрөв. Буян нүглийг ялгадаг болно:

Тав. Үл мэдсэн ба мунхагийн харанхуй арилна.

Зургаа. Билэг ухаан төгөлдөр болно

Долоо. Тэр орчлонд зорчих цагт мунхагт үл оршино

Найм. Эд таваар арвижна.

Ес. Өндөр төрөлд төрнө.

Арав. Түргэнээ илт туулсан бурхан болно хэмээн заасан байдаг .

Ертөнцөд зул мэт болно хэмээсэн нь нь өнгөлөг сайн явна, асар ариун махан нүдийг олно гэдэг нь оюуны мэлмий нээгдэнэ, асар ариун тэнгэрийн нүдийг олно хэмээсэн нь аливаа юмыг урьдчилж мэддэг болно, Буян нүглийг ялгадаг болно хэмээсэн нь авах гээхүйн ухаанд мэргэшнэ гэсэн утгыг илэрхийлдэг.

"Дэмчогийн язгуур Дандарын хоёрдугаар бүлэгт" хэрэв шид бүтээлийг хүсвээс 100 зул өргөн үйлд хэмээгээд догшин дагинисын егүзэрт шүтэж их амгалан гэрэл гийгүүлэх билиг татагчид зул өргөсний тус эрдэм нэн их болох ёсыг номложээ. Хэрвээ хүн өөрөө ямар нэгэн шид бүтээл хүсэж байгаа бол 100 зул өргө гэдэг. Буян ном үзээд, зэрэг дэв хамгаалах гэж байгаа бол 100 зул өргөвөөс их сайн.

Өнөөдөр "Зулын 25" буюу Богд ламын дүйчэн өдөр тохиож байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх