Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийг зорих малчдын цуваа тасрахгүй үргэлжилж ялангуяа отроор гэх нэрийдлээр эхлээд цөөхөн малтайгаа ирж өвөлжөөд хэсэг хугацааны дараа ах дүү хамаатан саднаараа орж ирж суурьших явдал газар аваад байна.
Уг нь бол малын отор нүүдэл шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Засгийн газрын 43-р журмаар шилжилт хөдөлгөөн хийхээсээ өмнө тухайн очих гэж байгаа газрынхаа сум, багийн даргаас зөвшөөрөл авсан байх ёстой.
Дээр нь мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиараа малаа эрүүл гэдгийг нотлох, вакцин дархлаажуулалтанд хамруулсан байх шаардлага тавьдаг ч бодит байдал дээр малчид малын эрүүл мэндийн бичгээ авсан л бол нүүгээд ирчихдэг. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, малын халдварт өвчин гарах зэрэг олон эрсдлийг дагуулж хаа хаанаа хүндрэл учруулж байна.
Тиймээс Дорнод аймаг малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах дээрх Засгийн газрын журмыг зөрчсөн мал бүхий иргэдийг оруулахгүй байх, энэ журмын хэрэгжилтийг хангах талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга бусад аймгуудад малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ЗГ-ын журмыг хэрэгжүүлж ажиллах асуудлаар хандаад байна.
Мөн аймгийн ИТХ-аар бэлчээр, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам батлуулж шилжин ирж байгаа мал, мал бүхий иргэдэд нутаг зааж өгөх зохицуулалт хийхээр болоод байна.
Түүнчлэн аймгийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй болоод малын эрүүл мэндийн бичиггүй мал бүхий иргэдийг оруулахгүй байх шийдвэр гаргаад байна.
Малчид гэнэт ирдэг асуудал аль аль талдаа хүндрэл учруулж байна | |
Jaran.MN Facebook |