“Жаран”-гийн учир

2020/12/26

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд 12 жилийг нэг жаран гэдэг, би гурван жаран амьдарч байна гэх зэргийн мааз яриа их өрнөх боллоо. Зарим нь шүүмжилж, харин заримд нь хөгжилтэй санагдаж, нэг хэсэг нь нээрээ юу билээ, жаран гэж чухам ямар учир утгатайг мэдэх гэсэн эрмэлзлэл ч байна.

Тэгвэл одоо бидний амьдарч байгаа энэ цаг үеийг 17-р жаран хэмээн нэрийддэг. Энэ жаран 1987 оны улаагчин туулай жил эхэлсэн бөгөөд 2046 оны улаан бар жил дуусч дараагийн жаран эхэлнэ. Дээрх хугацаанд 12 жил 5 удаа давтагдах бөгөөд үүнийг л нэгэн жаран гэж нэрлэж байгаа юм.

Учрыг тайлбарлавал, Монгол цаг тоолол нь аргын болон билгийн тоолол хэмээн хуваагддаг. Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хуваах бөгөөд энэ нь 12 жил үүсэх гол үндэс болсон гэж үздэг байна.

Дөрвөн улирлаа гурав гурав хувааж 12 сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Учир нь дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно.

Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг байна.

Жаран нь эхлэх дуусах хугацаатай байдаг тул аливаа зүйл 60 жил хүрсэн бол нэг жаранд амьдарсан гэж шууд хэлэх боломжгүй. Учир нь нэг жаран хэзээ эхэлж дуусахаас хамаарч хэдэн жарны нүүр үзсэн эсэх нь тодорхойлогдоно. Жишээлбэл, 1980 онд төрсөн хүн бол 16-р жаранд мэндэлж 2020 оны 17-р жаранд амьдарч байгаад 2050 онд нас барсан гэж үзвэл 18-р жаран гарахад амьдарсан тул 3 жарны нүүр үзсэн гэж хэлэх учиртай байна. 

 

“Жаран”-гийн учир   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх