Ковидын дэглэм зөрчсөн УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг 500 мянган төгрөгөөр торгожээ

2021/01/29

Энэ сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбат нарын 5 хүн Ковид 19 цар тахлын дэглэм зөрчиж ямар ч зөвшөөрөлгүйгээр постгүй газраар явж Халхгол суманд очсон. Халдвартай бүсээс дэглэм зөрчиж ирсэн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Халхгол сумаас хурдан адуу авахаар ирсэн байдаг. 

Тэдгээр иргэдийг Халхгол сумын онцгой комисс албадан тусгаарлаад байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгээд байсан юм.

А.Сүхбат нь жолоочийнхоо хамт Монгол улсын шадар сайдын 2020 оны 12-р сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийг зохицуулах” түр журмыг зөрчин Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл авалгүйгээр Ланд-200 маркийн автомашинаар Улаанбаатар хотоос постгүй газраар гарч Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Баянхутаг сумаар дамжин Дорнод аймгийн Баян-Уул, Хэрлэн сумаар дамжиж Халхгол суманд очжээ.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу А.Сүхбат болон түүний жолооч нарт тус бүр 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Ковидын дэглэм зөрчсөн УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг 500 мянган төгрөгөөр торгожээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх