Малчид: Сүүгээ борлуулахад зах зээлээс хол, хадгалахад хэцүү, тээвэрлэх зориулалтын машин байхгүй

2021/01/30

Дорнод аймгийн хэмжээнд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээ, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгаагаар Дорнод аймагт хоногт 1600 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 13 цех бүртгэлтэй байна. Эдгээрийн 1 нь байнгын үйл ажиллагаатай, бусад нь улирлын чанартай ажилладаг байна.

Жилд Чойбалсан хотын хүн ам 8,2 сая литр сүү хэрэглэдэг бөгөөд үүний 6,4 сая литр буюу 78,4 хувийг дотоодоосоо хангаж байгаа юм байна. Харин сүүний хэрэглээний 62,6 хувийг нь цай чанахад, 10,7 хувийг нь хүүхдийн тэжээлд 8,2 хувийг нь шууд уух зориулалтаар хэрэглэж байгаа гэж судалгаанд хамрагдсан иргэд хариулжээ.

Нийт сүүний хэрэглээний 63,3 хувийг шингэн сүү, 19 хувийг пакеттай, 17,5 хувийг хуурай сүү эзэлж байна. Сүүний гарцын тухайд Хэрлэн суманд хоногт 28 литр сүү, бусад сумдад 32 литр сүү үнээнээс авдаг бөгөөд үүний 53 хувь нь шинжилгээнд хамрагддаггүй гэж хариулжээ.

Шингэн сүүний 2 хувийг сургууль цэцэрлэгт борлуулдаг, 82 хувийг нь айл өрхүүдэд борлуулдаг гэж малчид хариулсан байна. Харин хэрэглэгчдээс авсан судалгаагаар 74 хувь нь шингэн сүү сонгодог бол 14 хувь нь пакеттай, 12 хувь нь хуурай сүү сонгодог гэжээ. 

Сүүний шинжилгээний бичгийг 70 хувь нь шалгадаггүй гэж хариулсан бол 16 хувь нь шинжилгээний  бичигт анхаардаг гэсэн байна. Зуны улиралд бол малчдаас бусад улиралд дэлгүүрээс сүү худалдан авдаг гэжээ.

Дээрх судалгаанаас харахад малчид сүүгээ борлуулахад зах зээлээс хол, хадгалахад хэцүү, тээвэрлэх зориулалтын машин байхгүй зэрэг хүндрэлтэй байдаг бол хэрэглэгчид шингэн сүү түлхүү хэрэглэх хүсэлтэй боловч нийлүүлэлт хангалтгүй, үнэ хэлбэлздэг асуудал ч хөндөгдөж байна.

Тиймээс сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдэн Дорнод аймагт сүүний үйлдвэрийн цогцболбор байгуулах ажлыг санаачилж, үүнийг аймаг орон нутаг дэмжин хэрхэн хамгийн зөв шийдлээр сүүний үйлдвэрлэл байгуулах боломжтой талаар хамтран ажиллаж эхэлсэн байна. 

 

 

Малчид: Сүүгээ борлуулахад зах зээлээс хол, хадгалахад хэцүү, тээвэрлэх зориулалтын машин байхгүй  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх