Б.Ууганхүү: 3 ихэр гэдгийг 4 сартайд нь эход харуулаад мэдсэн

2021/02/06

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс залуу хос Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нарын гэр бүлийг орон байртай болгох зорилгоор “Ихэр заяаг мялаая” хандивын аян зарлаад байгаа билээ. Аяныг зохион байгуулагч Баян-Уул сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Т.Гантулга, гурван ихрийн аав Б.Ууганхүү нар манай редакцад хандан аяны талаар товч мэдээлэл өглөө.

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлийн дарга  Т.Гантулга: “Ихэр заяаг мялаая” хандивын аянд нэгдэхийг уриалж байна

           -  Дорнод аймгийн иргэн Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар нь өнгөрсөн оны төгсгөлд 3 ихэр хүүхэдтэй болсон. Ингээд Улаанбаатар хотод эмчилгээ сувилгаатай байж байгаад Дорнод аймгийн Баян-Уул сумандаа эмээгийндээ ирээд байгаа. Энэ хэд маань орчин нөхцөл муу, олуулаа амьдарч байна. Аав ээж хоёр нь залуу гэр бүл, орлого байхгүй. Цаг хүнд нөхцөлд олон хүүхэд өсгөх нь амар биш байгаа. Тийм учраас нутгийн зөвлөлөөс залуу хосууддаа гурван ихэр заяаг мялааж байр оронтой болох, аймгийн төвд байранд оруулах аяныг зарлаад явж байна. Одоогоор 2 сая гаруй төгрөг цуглараад байна. Ингээд бид бүгдийн аяныг дэмжээд хандив өргөж байгаа Дорнодчууд, нийт Монголчууддаа баярлалаа гэж хэлэх байна.

           - Нутгийн зөвлөлийн тухайд бол Баян-Уул сумын гаралтай хүмүүсийг дэмждэг байгууллага. Урлаг спортын болоод бүх чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж санаачилж ажилладаг байгаа. Энэ удаагийн үйл явдал бол онцлогтой. Гэгээлэг сайхан ажил байна. 2013 оны үед Дорнод аймагт 3 ихэр хүүхэд төрж байсан бол энэ бол 2 дахь нь байна. Тэгээд энэ ажлыг санаачлаад явж байна.

           - Энэ ажлыг заавал сумын хэмжээний ажил гэж харахгүй байгаа. Энэ бол аймгийн хэмжээний, бүсийн хэмжээний цаашлаад улсын хэмжээний ажил гэж  аянаа том хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хотын нутгийн зөвлөлтэй холбогдоод ажиллаж байгаа. Урлаг соёлынхонтой холбогдож байгаа. Бид нар том зорилго тавиад алсыг хараад өргөн хүрээнд энэ ажлыг зохион байгуулъя гэж бодож байгаа. Цаашид байртай болох тал дээр УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, хувь хүн иргэд бүгдээрээ нийлээд зүтгэх юм бол олны хүч оломгүй далай гэж энэ ажил маань үр дүнтэй сайхан ажил болох байх гэж найдаж байна.

Ихрүүдийн аав Б.Ууганхүү: 3 ихэр гэдгийг 4 сартайд нь эход харуулаад мэдсэн

    - Намайг Б.Ууганхүү гэдэг. Би Дорнод аймагт төрсөн. Эхнэрийг маань Х.Отгонтуяа гэдэг. Бид хоёр 2017 онд Дорнод Политехникийн коллежид сурч байхдаа  танилцсан. Би үйлдвэрийн инженер, эхнэр тогооч мэргэжилтэй. Бид хоёр Дорнын хүдэр компанид ажиллаж байгаад том хүүгээ 2019 онд төрүүлээд сая 3 ихэр хүүхэдтэй болоод байна.  4 сартайд нь эход харуулаад гурван ихэр гэдгийг мэдсэн. Манай эхнэрийн тал ихрийн удамтай. Эхнэрийн том ах 2 ихэр хүүтэй. Гурван ихэр гэдгийг анх сонсоод их баярласан. Тэгээд аав ээж, найз нөхдөдөө хэлсэн, итгэхгүй байсан. Гурван ихрийн маань 2 нь эмэгтэй, 1 нь эрэгтэй. Тэднийгээ Цолмонгэрэл, ЦолмончимэгЦолмонбаяр гэдэг нэр хайрласан. Одоо Баян-уул сумандаа эмээгийндээ амьдарч байна. Манай нутгийн зөвлөлөөс гурван ихэр үрсийг маань мялааж амьдрах ая тухтай орон байртай болгох хандивын аяныг өрнүүлээд явж байгаад талархалтай байна. Энэхүү аянд нэгдэж хандив өргөхийг хүсэж байна.

 

 

Б.Ууганхүү: 3 ихэр гэдгийг 4 сартайд нь эход харуулаад мэдсэн  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх