Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 онд эрүүгийн 423 хэрэг, зөрчлийн 498 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс 146 нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил байна.
Зөрчлийн тухай хуулийн 5,4 дүгээр зүйлд зааснаар Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасны дагуу дээрх гэр бүлийн хүчирхийллийн 146 хэргийг шийдвэрлэжээ.
Харин гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,7 дугаар зүйл буюу зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн дагуу 2020 онд 3 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;
2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Мөн хүүхэд бэлгийн хүчирхийллийн нэг хэрэг шүүхээр шийдүүлсэн бөгөөд зөрчлийн тухай хуулийн 6.26.1 дэх хэсэг Хүүхдэд бэлгийн дарамт учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасны дагуу шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна | |
Jaran.MN Facebook |