Судлаачид энэ зууныг усны төлөөх зуун болно хэмээн санал нэгтэй тунхаглаж байна

2021/03/22

Дэлхийн улс төрчид, санхүүчид, эрдэмтэн судлаачид өнгөрсөн зууныг газрын тосны (хар алт) төлөөх зуун байсан бол энэ зуун усны (цэнхэр алт) төлөөх зуун болно гэж бараг санал нэгтэй тунхаглаж байна. Иймд хүн төрөлхтний амьдралын тулгуур элемент хийгээд хөгжлийн түлхүүр болох Усны асуудалд дэлхий нийтээр, том жижиг, баян, ядуугүй анхаарлаа төвлөрүүлэх болж 1992 онд Ирландын Дублинд ДЦУБ-аас ‘’Усны нөөц ба байгаль орчин’’ гэсэн сэдвээр зохион байгуулсан олон улсын бага хурал, мөн 1992 онд Рио-де-Жанейрод чуулсан НҮБ-аас ‘’Байгаль орчин ба хөгжил’’ гэсэн сэдвээр зохион байгуулсан олон улсын бага хурал зэрэг Дэлхийн хэмжээний уулзалтаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ыг Дэлхийн усны өдөр болгон зарлаж, 1993 оноос эхлэн Дэлхий даяар тэмдэглэх болсноор 29 жил болж байна.

2021 оны Дэлхийн Усны өдрийг “Усны үнэлэмж, үнэ цэнэ” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна.

Энэ жилийн Усны өдрийн гол зорилго Тогтвортой Хөгжлийн Зорилтоос үүдэлтэй буюу Тогтвортой Хөгжлийн Зорилт 6 дугаар зорилтыг (SDG-6) ханган биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн буюу 2030 оны түвшинд усыг бүгдэд хүрэлцээтэй болгохын төлөө улс орон бүр, байгууллага, хүн бүхэн хичээж зүтгэхийг уриалсан болно. Юуны өмнө “Усны үнэ цэнэ” хэмээх ойлголт нь усны үнэ өртөг ч гэдэг ойлголтоос их өргөн, гүн гүнзгийн ойлголт, утга учиртайг ялгах хэрэгтэй. “Усны үнэ цэнэ” хүмүүсийн ахуй амьдрал, хүнс хоол, соёл, ёс заншил, эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засаг, байгаль орчны зэрэг үнэ цэнээр илэрхийлэгдэх ба мөн өргөн хүрээтэй, нарийн төвөгтэй ойлголт юм.

Усны үнэлж баршгүй, үнэлэх боломжгүй хүний хэрэгцээг хангаж, хүн, экосистемийн тэтгэж буй шинж чанар, ач холбогдол, далд мөн чанарыг усны үнэ цэнэ гэх. Усны үнэ цэнэ (экологи-эдийн засгийн үнэлгээ) нь эдийн засгийн утгаараа хэрэглээний өртөг, хэрэгцээт чанарыг илэрхийлэл гэж бас болох. Ус-үнэлэгдээгүй эрдэнэ гэж тодорхойлсон ч байна.

Усны үнэ цэнийг  доорх 5 үндсэн зарчим, хэлбэрээр илэрхийлдэг байна.  Үүнд:  

1 Усны байгалийн нөөц, экосистемийн үнэ цэнэ.

Ус байгалийн бүхий л экосистемийг тэтгэхийн зэрэгцээ бүхий л төрлийн усыг экосистем өөрөө бүрдүүлэн бий болгоно.  Хүн усыг янз бүрийн зориулалтаар авч хэрэглэхдээ түүний тоо, чанарыг өөрчлөн,  ихэнхдээ доройтуулан, бохирдуулан буцаад байгальд нь нийлүүлнэ. Энэ утгаараа байгаль усны эргэлт  маш  чухал хийгээд хүртээмжтэй экосистемийн үйлчилгээний нэг болно. Өөрөөр хэлбэл хур бороо болж байгаль дэлхийг сэргээж, ургац,  хүнсний хангамжийг нэмэгдүүлэх  үр өгөөжөө өгөх бол, гол мөрөн болж усны эрчим хүч үйлдвэрлэх зэрэг бусад усан хангамж, хэрэглээний асуудлыг шийдвэрлэнэ.

2.  Усны хуримтлал, дамжуулалт, тээвэрлэлт, цэвэрлэгээ, хангамж зэргээр түүний дэд бүтцийн үнэ цэнэ илэрнэ

Манайхан юм л бол дэд бүтцийн хөгжилд анхаарах дэд бүтцээ хөгжүүлье гэж ярьдаг.  Усны хуримтлах буюу ашиглалат хэрэглээний зориулалтаар олборлон хуримтлуулж түүнийг хэрэглэгчид янз бүрий хоолой, арга замаар тээвэрлэн дамжуулан хүргэх,  улмаар усан хангамжийгг шийдвэрлэх, бохир усыг цэвэрлэх байгууламж барих зэргээр бүхэл бүтэн дэд бүтэц бий болдог.  Өөрөөр хэлбэл ус бол “дэд бүтэц”  юм. Хэрвээ устай холбоотой энэхүү дэд бүтэц доголдох, учир дутагдал болох аваас  нийгэм-эдийн хөгжлийг саатуулан, сөргөөр нөлөөлж, байгаль орчин, экосистемд аюул занал учруулна.  Нийслэлийн нийт хүн амын 38.0 хувь нь цэвэр усыг төвлөрсөн ус түгээх системээр, 58.0 хувь нь 727 ус түгээх цэг, худаг болон зөөврөөр, 4.0 хувь нь усан сан, гол горхи, булаг шанднаас авч байна. Улаанбаатарын цэвэр усыг Туул голын сав газар сунан тарсан 174 гүний худгаас дөрвөн байрлалд татан нэгтгээд, улмаар хот даяар 10 том усан санд тарааж хуримтлуулдаг. Газар доор сүлжилдсэн 370 км урттай, бүдүүн, нарийн төмөр хоолойгоор цэвэр усаа түгээж таны орон сууцанд, үйлдвэр, аж ахуй болон албан байгууллагад хүргэдэг. Нийслэлд ахуйн бохир усыг цэвэршүүлэх 6 цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх 1 цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Хүчин чадлын хувьд 400 (Баянгол) -170000 (Төв цэвэрлэх байгууламж) м3/хоног байна. Харин нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжээд нэлээд хэдэн жил боллоо.

3.  Ундны ус, эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэвэр зэрэг үйлчилгээ үзүүлэх үнэ цэнийн тухайд 

Айл өрх, сургууль, ажлын байр, эрүүл мэндийн байгууллагуудын усны үүрэг, хэрэглээ маш чухал зүйл байдаг нь ойлгомжтой. Энэ утгаараа эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэвэртэй (WASH) холбоотой усны үнэ цэнэ үнэлж баршгүй зүйл болно. Ялангуяа энэ цар тахлын үед (COVID-19) усны ач холбогдол, үнэ цэнэ нь улам нэмэгдэж  байна.  Гэдэсний суулга өвчнөөс шалтгаалсан нас баралтын 88 хувь нь ундны усны хомстол болон эрүүл ахуйн нөхцөл байдал муугаас болжээ.

4.  Хүнс, ХАА үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэх хамгийн чухал үндсэн түүхий эд болох хувьд усыг үнэлж цэнэж, ач холбогдол, утга учир,  мөн чанарыг тодруулах учиртай

Үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүнийг гаргахад заавал ус орсон, зарцуулсан байдаг. Тухайлбал, нэг хуудас цаас үйлдвэрлэхэд 10 литр, 500 грамм хуванцар үйлдвэрлэхэд 91 литр ус тус тус зарцуулах жишээтэй.

Дэлхийн хэмжээгээр авч үзвэл хөх усны 70 хувь нь газар тариалан, төмс хүнсний ногооны усалгаанд хэрэглэдэг байна. 

Малын тэжээл бэлтгэх болон мах, цагаан идээ бэлтгэхэд их хэмжээний ус хэрэглэдэг.  1 кг улаан буудай үйлдвэрлэхэд ойролцоогоор 1500 литр ус шаардагдах бол 1 кг үхрийн мах бэлтгэхэд түүнээс 10 дахин их шаардагддаг байна.

Ус ба цахилгаан, эрчим хүч хоорондоо нягт уялдаа холбоо, харилцан хамаарал бүхий асуудал байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 13 усан цахилгаан станц ажиллаж 27.5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байна.  Дэлхий дээр үйлдвэрлэлийн зориулалтаар олборлож буй усны 75 хүртэлх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж байна. 

5. Нийгэм-соёлын буюу Усны соёл, ёс заншил, аялал сувилал, оюун санааны онцлог шинж чанар, үнэ цэнэ

Ус бас биднийг оюун санааны болон урлаг, соёлын бүтээл, шашин шүтлэг, нийгмийн олон ойлголт, ухагдахуунтай холбож өгдөг.  2006 оны Усны  өдрийг Ус ба Соёл сэдэвтэй байсныг санацгаая.  Зуун зууны гайхамшигт соёлын бүтээлүүд, хөгжмийн зохиол, уран зураг, уран зохиол, кино урлагт усны гайхамшиг тусгалаа олж, шинжлэх ухааны гарамгай бүтээлүүд ч төрж, хөгжихөд ус гол хүчин зүйл болсоор иржээ. Дэлхийн аль ч бүс нутагт усыг дээдлэх үзэл бий боловч хэлбэр нь өөр өөр байна. Гэхдээ усны үнэ цэнийг шүтэн биширч, амьдралын эх булаг хэмээх үзэл нийтлэг юм.

Судлаачид энэ зууныг усны төлөөх зуун болно хэмээн санал нэгтэй тунхаглаж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх