Жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 4 дэх өдөр Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль улсын хэмжээнд зохион байгуулагддаг. Энэ жилийн тухайд Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зарлан мэдээлэх дуут дохиогоор иргэдийг оролцуулахгүй ажлын байран дээрээ байгаа төр хувийн хэвшлийн ажилтнуудыг ажиллуулах юм байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 3-р сард гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохионы нэг дэх түгшүүрийн дохио дуугарахад: Иргэн та суу, нуугд, хүлээ гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх ёстой. Хэрэв гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж хүлээнэ. Харин Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээх юм байна.
Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад: Анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна.
Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад: Та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгч дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Дорнод аймгийн Онцгой байдлын газраас уриалж байна.
Маргааш газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр | |
Jaran.MN Facebook |