Иргэд нь санхүүгийн мэдлэгтэй бол улс орны эдийн засаг тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ. Энэ ч үүднээс 2013 оноос Төв банк иргэдэд санхүүгийн боловсрол олгох бодлого хэрэгжүүлж байгаа. Дэлхийн мөнгөний 7 хоног аяныг 7 дахь жилдээ өрнүүлж байгаа бөгөөд энэ жил "Суралц-Хуримтлуул-Өсгө” уриатайгаар хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтууд зохион байгуулах юм байна.
Дорнод аймагт санхүүгийн сургагч багшаар бэлтгэгдсэн 16 багш байгаа бөгөөд тэдгээр багш нараар болон арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ, хуримтлуулахын ач холбогдол, мөнгөө өсгөх боломжийн талаарх мэдлэг ойлголт өгөхөөр төлөвлөсөн байна. Ялангуяа хөдөөгийн алслагдсан багийн хүүхэд залууст хүрч ажиллах, тэдний санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг зохион байгуулагч талууд онцоллоо.
Санхүүгийн мэдлэгтэй байх нь та гэнэтийн хэрэгцээндээ зориулж хуримтлал үүсгэх, зардлаа хэмнэж сурах, санхүүгийн луйвраас өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгож сурах, тохиромжтой хөрөнгө оруулалтыг хийх зэргээр хувийн санхүүгээ зөв удирдаж сурах юм.
“Дэлхийн мөнгөний 7 хоног” аян өрнөж эхэллээ | |
Jaran.MN Facebook |