Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оноос хойш жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Пүрэв гаригт газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохио ажиллуулж иргэдэд газар хөдлөлтийн аюулыг таниулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд өнөөдөр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулах өдөр болж байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн, ялангуяа Дорнод аймагт газрын тосны 19,21-р талбайн орчим дахь газар хөдлөлт эрс нэмэгдсэн учир Дорнод аймгийн Онцгой комиссоос газар хөдлөлтийн аюулыг иргэд олон нийтэд таниулах гарын авлагыг бэлтгэн хүргээд байгаа. Энэхүү номын талаар Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын хэлсэн үгийг толилуулж байна.
М.Бадамсүрэн: /Дорнод аймгийн Засаг дарга/ Манай улс нь төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс нутагт багтдаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь 7 болон түүнээс дээш эрчмийн газар хөдлөлтийн бүсэд оршдог.
Сүүлийн жилүүдэд манайд тохиолдож буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 59699 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 59 удаа болсон.
Дорнод аймгийн хувьд 2020 онд болсон эдгээр газар хөдлөлтүүдээс тектоник хөдөлгөөний идэвхжил сул, хүчтэй газар хөдлөлт сүүлийн 100 жилд бүртгэгдээгүй. Харин Матад, Халхгол суманд 3,6-5,1 магнитудын газар хөдлөлт 9 удаа бүртгэгджээ.
Дээрх газар хөдлөлтүүд нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байх магадлалтай төдийгүй чичирхийллийн цараа жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Аймгийн хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдсэн зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа учир газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, иргэдийн мэдээг энэ талын ойлголтыг нэмэгдүүлэхэд бодит шаардлага бий болж байна.
Бүх нийтийг гамшгаас хамгаалах ажлын хүрээнд газар хөдлөлтөд нэрвэгдэж байсан улс орнуудын туршлага сургамжид тулгуурлан бэлтгэн гаргасан тус сургалтын гарын авлагад газар хөдлөлтөд бэлэн байхын тулд айл өрх юу хийх, газар хөдлөлтийн үед хэрхэн яаж ажиллах, газар хөдлөлтийн дараа анхаарах зүйлсийн талаар энгийн байдлаар тайлбарлан зөвлөсөн зөвлөмжүүдийг тусгасан болно.
Дорнод аймагт ажиллаж амьдарч, дайран өнгөрч байгаа хүн бүхэнд хүргэх зорилгоор гарын авлагыг аймгийн https://www.facebook.com/dornod.gov.mn https://www.dornod.gov.mn/ сайтад байршуулснаар хэн ч татан авч бусадтайгаа хуваалцах боломжтой юм.
Болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон хайртай бүхнээ аварцгаая
М.Бадамсүрэн: Бүх нийтийг гамшгаас хамгаалах ажлын хүрээнд газар хөдлөлтөд нэрвэгдэж байсан улс орнуудын туршлага сургамжид тулгуурлан "Газар хөдлөлтийн аюул" гарын авлагыг бэлтгэн гаргасан | |
Jaran.MN Facebook |