Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн орон нутагт хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлэх, гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих зэрэг үйл ажиллагаанд зориулж аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Улаан загалмайн хороонд УАЗ-Фургон автомашиныг хүлээлгэн өглөө.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Орон нутгийн зүгээс төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түншлэлийг өргөжүүлэхийг зорин ажиллаж буй нэг илрэл энэхүү дэмжлэг болж байна” гэв.
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Ганболд даргатай хамт олон Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн “Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 1 дүгээр улирлын байдлаар зорилтот бүлгийн 159 өрхийн 700 гаруй иргэд, 38 байгууллагад 24,8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийн багцыг хүргээд байна хэмээн аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.