Хэвлэлд хаалттай Ерөнхий сайдын томилолт

2021/05/22

Монгол улсын ерөнхий сайд Дорнодод ажиллахдаа албан тушаалтнаас эхлээд арын албанд ажиллах хүмүүсийг ч вакцины 2 тунд хамрагдаж 14 хоносон байх ёстой, эсвэл PCR шинжилгээ өгөх хэрэгтэй гэжээ. Орон нутагт вакцинжуулалт сүүлд эхэлсэн учраас Дорнодод 2 дахь тунгаа хийлгэсэн ч хараахан 14 хоног нь дуусаагүй хүмүүс олон. Ийм учраас Дорнод аймгийн ЗДТГ-ынхан, агентлаг хэлтсийн дарга нар PCR шинжилгээ өгч, харин хэвлэлийнхэнд энэ тухай мэдээлээгүй учраас вакцины тунгаа хийлгэсэндээ найдаж сурвалжлахаар очсон боловч нэвтрүүлэхийг зөвшөөрсөнгүй. Орон нутгийн хэвлэлд хаалттай болсон Ерөнхий сайдын уулзалтанд Дорнод аймгийн Засаг дарга дараах хэд хэдэн санал уламжилсан тухай ЗДТГ-ын хэвлэлийн алба мэдээлэв. 

1. Хилийн боомтуудыг авто замаар холбох.
2. Чойбалсан хотын төвд хоногт 5000 литр сүү боловсруулах цогцолбор, түүхий эдийн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн загвар фермерийн аж ахуйг байгуулах.
3. Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх.
4. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чойбалсан-Хавиргын хилийн боомтын чиглэлийн 124.5 км, Норовлин-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих ажлыг эхлүүлэх.
5. Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлыг 4 С ангиллын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэх төслийг эхлүүлэх.
6. Ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн төвийг 5 суманд байгуулах.
7. Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт мах махан бүтээгдэхүүн, малын тэжээл, оёдлын, сав баглаа боодлын үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх.
8. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүдийг байгуулах.
9. Хөдөө өж ахуйн бүтээгдэхүүн экспортлох.
10. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт.
11. Уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах.
12. Газрын тосны үндэсний олборлогч төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах.
13. Хавирга хилийн боомтын зэрэглэлийг ахиулан олон улсын чанартай боомт болгон өргөтгөх.
14. Эрх зүйн хувьд ойлголтын зөрүүтэй байгаа Төсвийн тухай хууль, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэжээ.
Дорнод аймгийн хөгжил дэвшилтэй холбоотой саналыг сайд дарга нарыг ирэхэд уламжилж нөгөөдүүл нь саналыг нь хүлээж авлаа гэдэг ч бодит ажил хэрэг болсон нь чухам хэд юм бол. Ямартай ч Монгол улсын зүүн хязгаар нутагт хэрэгтэй шаардлагатай саналууд байна, харин Ерөнхий сайд ямар хариулт хэлсэн нь тодорхойгүй үлдлээ. 
Хэвлэлд хаалттай Ерөнхий сайдын томилолт   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх