Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Ерөнхий сайдад уламжилсан байна. Улмаар Монгол улсын Засгийн газар дэмжин ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж ажиллахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгажээ.
Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн нь төр, цэргийн зүтгэлтэн, эх оронч, цэргийн домогт жанжин, Монголын анхны дипломатчдийн нэг байсан бөгөөд бага залуу наснаасаа цэргийн эрдэм ухаанд суралцаж Ховд хотыг чөлөөлөх, Өвөр Монголыг чөлөөлөх байлдаан гэх зэрэг 30 гаруй тулалдаануудыг гарамгай удирдаж ялалт байгуулж байсан. 1912 онд Монгол Улсын Гадаад яамны дэд сайд, 1913-1915 онд Цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд, дэд сайд, 1914 онд Улсын дээд хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь Богд хааны зарлигаар 1916 онд барга ястанг нэгтгэн хошуу болгон удирдаж байсан бөгөөд уг хошууг 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сум гэж нэрлэх болсон байна.
Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ | |
Jaran.MN Facebook |