ХХҮГ-ын халамжийн сангийн нягтлан 61 сая төгрөг завшсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогджээ

2021/07/29
ХХҮГ-ын халамжийн сангийн нягтлан 61 сая төгрөг завшсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогджээ

Дорнод аймгийн ХХҮГ-ын халамжийн сангийн ахлах мэргэжилтэн, нягтлан албан тушаалаа урвуулан ашиглаж 61 сая төгрөг завшсан гэх асуудлыг ХХҮГ дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн Цагдаагийн газарт хандсан байна. Улмаар МХГ-аас хийгдсэн шалгалтаар дээрх зөрчлөөс гадна хэд хэдэн ноцтой зөрчлүүд ч илэрчээ. 

ХХҮГ-ын халамжийн сангийн ахлах мэргэжилтэн, нягтлангаар 2020 оны 4-р сараас 1 жилийн хугацаатай түр ажилласан нягтлан бодогч А нь өөрийн хамаарал бүхий компани руу хүнсний талон олголт нэрээр 27 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Тус компани нь хүнсний эрхийн үйлчилгээ үзүүлэх гэрээгүй байжээ. Мөн хүнсний эрхийн үйлчилгээ үзүүлэх эрх үүссэн компани руу 33 сая төгрөгийг илүү шилжүүлээд буцаан авахдаа халамжийн санд оруулаагүй байна. Үндсэндээ албан тушаалаа урвуулан ашиглаж 61 сая төгрөгийг хувьдаа завшсан буюу зориулалтын бусаар ашигласан нь санхүүгийн анхан шатны баримтаар болон гүйлгээний программаар тогтоогджээ. Мөн тухайн нягтлан бодогч үүнийгээ хүлээн зөвшөөрчээ. 

Энэ талаар ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл

2021 оны 1 дүгээр сард нийгмийн халамжийн сан дээр өр, зөрчил үүсч эхэлсэн. Үүнтэй холбоотой манайх дотоод хяналт шалгалт хийсэн. Улмаар ажил хүлээлцэх үед буюу 2021 оны 4-р сард энэ асуудал тодорхой болж Цагдаагийн газарт мэдэгдсэн. Мөн МХГ-т албан бичгээр хүргүүлсэн. Одоо манайд МХЕГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байгаа.  Дотоод хяналт шалгалтаар 61 сая төгрөг гэдэг дүн гарсан. Энэ дүн нэмэгдэж  эсвэл хасагдаж магадгүй. Цагдаагийн газарт мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт манайд ирээгүй байна. 

МХГ-ын мэргэжилтэн: Г.Цэрэнжаргал

Дээрх 61 сая төгрөгийг бөөн дүнгээр шилжүүлээгүй, сард 3-5 сая төгрөгөөр шилжүүлсэн байна. Нийт дүнгээрээ 61 сая төгрөг болж байна. Мөн хяналт шалгалтаар 2021 оны 4,5,6-р сард нас барсан 7 иргэний хүнсний эрхийн бичгийг зогсоогоогүй байсан, гэр бүлээрээ ажил хийдэг хүмүүс хүнсний талон авч байсан тухайлбал, нэг өрхийн 5 хүн ажил хийдэг мөртлөө хүнсний талон авч байх жишээтэй. Хүнсний эрхийн бичигтэй холбоотой дийлэнх зөрчил нь хаяган дээрээ байдаггүй шилжээд явчихсан иргэд хүнсний талон авч байна. 

Дээрх халамжийн сангийн мөнгийг завших албан тушаалаа урвуулан ашиглахтай холбоотой асуудал анхны тохиолдол биш байна. 2018 онд Цагаан-Овоо сумын халамжийн мэргэжилтэн 18 өрхийн 109 иргэний хүнсний талоныг буюу  2 сарын хугацааны 3,6 сая төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан байжээ. Тухайн этгээдэд шүүхээс 10 сая төгрөгийн торгууль 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. 

ХХҮГ-ын халамжийн сангийн нягтлан 61 сая төгрөг завшсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх