"Эс энд пи" агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В, төлөвийг тогтвортой хэвээр үлдээснийг баталгаажууллаа

2021/08/02

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарласан байна. Үүнд: 

  • Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2021 онд 6.7%, 2022 онд 7.0%-д хүрэхээр байна.
  • Монгол Улсад энэ оны 4 дүгээр сараас Ковид-19-ийн тархалт нэмэгдэж эхэлсэн хэдий ч гадаад сектор, улсын төсөв, гадаад өр зэрэгтэй холбоотой үзүүлэлтүүд 2021 оноос сайжирч байгаа тул эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Уг сэргэлтэд Монгол Улсын вакцинжуулалтын түвшин, төсвийн зарцуулалтын арга хэмжээнүүд, дэлхийн эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлнө.
  • Монгол Улсын  вакцинжуулалтын түвшин бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад өндөр байгаа нь цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулж байна. Монгол Улсын нийт иргэдийн дор хаяж гуравны хоёр хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бөгөөд 60-аас дээш хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. 
  • Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр дунд хугацаанд эдийн засгийн төлөв харьцангуй таатай байхаар байна. Таван толгой болон Оюу толгойн уул уурхайн төслүүд дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 2024 он хүртэл дунджаар 6.8%-ийн орчимд байхаар байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээр ижил төстэй бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд өндөр байхаар төсөөлж байна.
  • Монгол Улсын Засгийн газар гадаадын хөнгөлөлттэй санхүүжилтүүдийг амжилттай татсанаар зарим өндөр дүнтэй гадаад өрийн эрсдэлээ бууруулж чадлаа. Тухайлбал, Монгол Улсын нийт гадаад өрийн урсгал дансанд эзлэх хувь 2020 онд 181 хувьд хүрч 2019 оны түвшнээс өссөн хэдий ч уг үзүүлэлт 2021 онд 159 хувьд хүрч буурахаар байна.
  • Монголбанк 2020 оны 8 дугаар сард Хятадын Ардын Банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг 2023 он хүртэл амжилттай сунгасан нь гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг буурууллаа.                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: Дорнод аймаг дахь Монголбанкны салбар 
"Эс энд пи" агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В, төлөвийг тогтвортой хэвээр үлдээснийг баталгаажууллаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх