Ковидоор шалтаглаж гэрээний үүргээ биелүүлээгүй Петро Чайна газрын тосоо зөөсөөр л байна

2021/08/18
Ковидоор шалтаглаж гэрээний үүргээ биелүүлээгүй Петро Чайна газрын тосоо зөөсөөр л байна

Ковид Монголд олон зүйлийн үнэн царайг илчилж байна. Эрх баригчдад үйлчилдэггүй, энгийн иргэдэд зориулагдсан хөл хорионд 2 жилийн нүүрийг Монголчууд үзлээ. Энэ бол олон салбарт олон ч үйл явдлаар илэрхийлэгдсэн Монгол дахь Ковидын үеийн нөхцөл байдал. Үүнийг ч гадныхан овжиноор ашиглаж Дорнодын Матад, Халхгол суманд хийгдэх хөрөнгө оруулалтыг гацаагаад байна.

Дорнод аймгийн Матад, Халхгол суманд газрын тосны 19,21-р талбайг ашиглаж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компани дээрх сумдуудад сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллахыг Газрын тосны тухай хуулиар зохицуулсан байдаг. Гэвч Петро Чайна Дачин Тамсаг компани өнгөрсөн он жилүүдэд дээрх заалтыг огт хэрэгжүүлээгүй, нүдэн балай чихэн дүлий явсан. Тиймээс 2018 оноос эхлэн Матад сумын тухайн үеийн удирдлагууд, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд дээрх хуулийн заалтыг буюу тодруулбал, Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь   “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж эхэлсэн. Улмаар 2020 оны эхэнд дээрх тэмцэл нилээд хурцдаж Матад сумын иргэд анх удаагаа жагсаж газрын тосны үр өгөөжийг сумын иргэд хүртэх боломжийнхоо төлөө тэмцсэн юм.

2020 оны 1-р сарын 8-нд Матад сумын төв болон Газрын тосны 19-р талбайд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын жагсаал болсны дараа 1-р сарын 10-ны өдөр Чойбалсан хотод Матад, Халхгол сумын удирдлагууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон Петро Чайна Дачин Тамсаг компанийн удирдлагуудын уулзалт болсон ч үр дүнд хүрч чадалгүй маргалдсаар байгаад өндөрлөсөн.

Улмаар тэмцэгч жагсагчид газрын тосны 19-р талбайн замыг хааж тээвэрлэлтийг тухайн оны 1-р сарын 11-нээс эхлэн зогсоосон. Харин газрын тосны 21-р талбайн тээвэрлэлтийн замыг мөн оны 1-р сарын 12-ноос эхлэн зогсоосон. Энэ үед талууд Төрийн ордонд дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар болж 1-р сарын 14-ны өдөр болсон уулзалтад УИХ-ийн гишүүн Х.Болорчулуун Халхгол, Матад сумдын засаг дарга нар болон “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд оролцсон, харин дээрх тэмцлийг эхлүүлсэн иргэний нийгмийн байгууллагуудаас нэг ч төлөөллийг оролцуулаагүй учир иргэний нийгмийн байгууллагууд тэмцлээ зогсоосон үйл явдал болсон. Төрийн ордон дахь уулзалт 2 дахь удаагаа болж талууд зөвшилцөлд хүрэхдээ, 2018, 2019 оны гэрээг нөхөн үйлдэж сум тус бүрт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр, 2020 оноос эхлэн жил бүр 450 мянган доллар олгох бөгөөд үүний 400 мянган долларыг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 50 мянган долларыг нь мөнгөн хэлбэрээр олгохоор гэрээнд тусгасан тухай мэдээлсэн юм.

Гэхдээ зөвшилцснөөс хойш 5 сарын дараа гэрээ баталгаажсан. Үүнээс сарын дараа буюу 2020 оны 7-р сард  эхний ээлжийн мөнгөн хэлбэрээр олгогдох 50 мянган доллар Матад, Халхгол сумын сум хөгжүүлэх санд байршсан байдаг.  

Харин үүнээс хойш Петро Чайна Дачин Тамсаг компани Ковидоор шалтаглаж Матад Халхгол суманд хийх хөрөнгө оруулалтын болон мөнгөн хэлбэрийн дэмжлэгээ өгөөгүй, үндсэндээ гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Ковид бол тэдний хувьд ердөө л шалтаг. Бүр давуу байдал ч гэж хэлж болно.

Учир нь Ковидын үед тус компанийг гэрээний үүргээ биелүүлэхгүй бол дараагийн тэмцэл өрнөх боломжгүй, нөгөө талдаа Ковидын үед үйл ажиллагаа нь тасалдаагүй компани бол Петро Чайна. Газрын тосоо урьдын адил олборлож зөөсөөр байгаа тэд Матад Халхгол сумтай байгуулсан гэрээгээ биелүүлэх сонирхол байхгүй, тэднийг шахах төрийн эрх мэдэл бүхий байгууллагууд нь ч таг чиг байгаагаас ийнхүү Петро Чайна “даам” гарч байна.  

 

Ковидоор шалтаглаж гэрээний үүргээ биелүүлээгүй Петро Чайна газрын тосоо зөөсөөр л байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх