Талын жигүүр гэх компани Монгол улсын нэг сумын төвийг бүхлээр нь нүүсний ашиглалтын лицензээр эзэмшиж байна. 2019 оны сүүлээс эхлэн дээрх лицензийг цуцлуулах асуудал нилээд хүчтэй яригдаж Матад сумын ИТХ, ЗД-аас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүх хурал 2020 онд 7 удаа хойшилж сүүлийн 2 удаагийн хуралд Матад сумын төлөөлөл оролцоогүй гэсэн шалтгаанаар шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахин 2021 оны 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн л 7 удаа хойшлоод байна. Үүнийг тодорхой дурдвал,
5-р сарын 6-нд анхны шүүх хурал болж дараагийн хурлыг 5-р сарын 20нд хийх товыг зарлажээ.
Харин 5-р сарын 20-ны хурлыг “Талын жигүүр” компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольсон учир хэргийн материалтай танилцаж амжаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулжээ.
Үүний дараа 6-р сарын 3-ны хурлыг АМГТГ-аас оролцох төлөөлөгч тендерийн хорооны хуралтай гэсэн шалтгаанаар оролцох боломжгүй хүсэлт ирүүлж мөн хойшилжээ.
6-р сарын 17-ны хурал АМГТГ-ын төлөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэсэн шалтгаанаар дахин хойшилсон байна.
Дараагийн шүүх хурал буюу 7-р сарын 19-ны хуралд Талын жигүүр компаниас Матад сумын Засаг даргын 2013 оны 1/241 тоот албан бичгийг ирүүлэх хүсэлт тавьжээ. Матад сумаас явуулсан тус албан бичиг нь очиж амжаагүй гэсэн шалтгаанаар мөн хойшилжээ.
Харин 8 -р сарын 2-ны хуралд Талын жигүүр компани Ерөнхийлөгчийн тамгын газраас дээрх Матад сумын Засаг даргын 2013 оны 1/241 тоот албан бичиг гаргуулах хүсэлт хүргүүлсэн. Түүний хариу ирээгүй байгаа шалтгаанаар хойшилсон байна.
Талын жигүүр компанийн хүсэлт гаргасан Матад сумын Засаг даргын 2013 оны 1/241 тоот албан бичиг нь 17 хуудастай гэх боловч Матад сумын архивт Засаг даргын албан тоотоос бусад хавсралт нь байхгүй юм байна. Уг албан тоотод Матад сумын төвийг нүүлгэх 325 өрхийн гарын үсгийг цуглуулж тухайн үеийн УИХ-ын гишүүн М.Зоригт руу илгээсэн гэх ч тэдгээр иргэдийн гарын үсэг баталгаатай эсэх нь эргэлзээтэй гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна.
2013 онд Матад сумын 325 өрх сумын төвөө нүүлгэх гарын үсэг зурсан уу? | |
Jaran.MN Facebook |