Тасраагүй тэмцэл ба хоноцын сэтгэлт Петро Чайна Дачин Тамсаг

2021/08/21
Тасраагүй тэмцэл ба хоноцын сэтгэлт Петро Чайна Дачин Тамсаг

Өмнөх нийтлэлд ЭНД Петро Чайна Дачин Тамсаг компани ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа Матад, Халхгол сумдтай Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хангахтай холбоотойгоор гэрээ байгуулах үйл явцын тухай өгүүлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхийг шахах шаардах эрх бүхий албан тушаалтан, орон нутгийн удирдлагууд ажиллахгүй байгааг “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас шүүмжлээд байгаа юм.

2020 оны 1-р сард Петро Чайна Дачин Тамсаг компани сумдтай гэрээ байгуулах үйл явцад “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ, “Машинтай жагсаал” ТББ-ууд нэгдэн оролцож байсан ч гэрээ байгуулах үед эдгээр ТББ-уудыг оролцуулаагүй учраас тэд замын дундаас орхиход хүрсэн гэж мэдэгдэж байсан юм.

Гэхдээ “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ Петро Чайна Дачин Тамсаг компанийн сумдтай байгуулсан гэрээний хэрэгжилтэд байнга хөндлөнгийн хяналт тавьж ирсэн байна.

Тус байгууллага Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун нарт хандаж дээрх гэрээний хэрэгжилтэд анхаарлаа хандуулах шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагадаа, “...Петро Чайна Дачин Тамсаг компаниас 2018,2019 оны нөхөн төлбөрт сум тус бүр 500 сая төгрөг, 2020 оноос эхлэн жил бүр сум тус бүрт 450 мянган доллар /1,2 тэрбум төгрөг/ олгох тохиролцоонд хүрлээ. Өөрөөр хэлбэл, энэ онд Матад, Халхгол сум тус бүр 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүлээн авна” гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Петро Чайна Дачин Тамсаг компани сумдад олгох дээрх хөрөнгө оруулалтаа хийгээгүй, нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас дахин шүүх, хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. ...Тиймээс сумдад орох хөрөнгө оруулалтын асуудалд яаралтай анхаарлаа хандуулж ажиллахыг шаардаж байна ...” хэмээн дурдсан байна.  

Шаардлагын хариу УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгээс ирсэн, харин өнөөг хүртэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас хариу ирүүлээгүй юм байна.

Тус ТББ-аас саяхан дээрх гэрээтэй холбоотой асуудлаар өөрийн нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлсэн. АМГТГ, Матад, Халхгол сумд, Петро Чайна Дачин Тамсаг компани хооронд байгуулсан уг гэрээнд “...Гэрээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарааж түгээхгүй байх бөгөөд тараасан тал хариуцлагыг бүрэн хүлээнэ...” гэх заалтыг оруулж өгчээ. Тэгэхээр тус гэрээнд иргэд олон нийтийн мэдэж болохгүй ямар үг өгүүлбэр байна гэх хардалтыг ч төрүүлж байна.

 

Энэ гэрээг байгуулахад гар бие оролцсон хүмүүс буюу УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Матад, Халхгол сумын Засаг дарга нар,  дээрх сумдын ИТХ-ын төлөөлөгчид, АМГТГ-ын төлөөлөгчид гэрээг зөвхөн байгуулаад л хаячихсан, үр дүнг нь үзэх гэж хөөцөлдөхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ мэтчилэн “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ Петро Чайна Дачин Тамсаг компанийн Матад Халхгол сумдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг байнга сануулж эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүлсээр байгаа ч үр дүнд хүрч чадахгүй байна.

Петро Чайна Дачин Тамсаг компани сайн дурын үндсэн дээр Матад Халхгол сумдад хийсэн хөрөнгө оруулалт байхгүй, заавал шахаж шаардуулж 3 шатны шүүх хурал, жагсаал тэмцэл болсны эцэст гэрээ байгуулж жил бүр 400 мянган долларын хөрөнгө оруулалт, 50 мянган долларын дэмжлэг үзүүлэхээр болсон ч бас л хариуцлагагүй хайнга хандаж байна. Нэг үгээр бол Петро Чайна Дачин Тамсаг компани хоноцын сэтгэлээр хандаж баялаг дуусахад балгас үлдэх л дүр зураг харагдаж байна.

Петро Чайна Дачин Тамсаг компанид Матад Халхгол сумын хөгжил огтхон ч хамаагүй, тэд зөвхөн газар доорх баялгийг аль болох хурдан аль болох ихээр олборлон гаргахыг л хүсдэг аж.

Тасраагүй тэмцэл ба хоноцын сэтгэлт Петро Чайна Дачин Тамсаг  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх