Дорнод аймагт өдөрт 300-400 хүртэлх коронавирүсийн тохиолдол батлагдаж нийт тохиолдол 8000 гараад байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 5059 хүн эдгэрч 10 хүн ковидын шалтгаанаар амь насаа алдаад байгаа юм. Сургууль цэцэрлэгийн багш нар, жирэмсэн эмэгтэйчүүд гээд зорилтот бүлгийн хүн амын дунд тандалтын шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр 100 хүн тутамд дунджаар 15 тохиолдол батлагдаж байна. Энэ нь хүн амын дунд коронавирүсийн халдвар өргөн тархсаныг харуулж байгаа бөгөөд 5000 орчим хүн халдвартай явж байх магадлалтай гэсэн статистик гарчээ.
Ковидын халдварт өртсөн иргэдээс жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэд хүндрэх тохиолдол өндөр байгаа учраас Дорнод аймаг жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Ингэхэд 30 хүнээс 5 тохиолдол батлагдаж байх жишээтэй. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг анхааруулж байна.