Үхрийн арьс товруутах өвчнөөр 13 сумын 42 багийн 580 өрхийн 2926 толгой үхэр өвчлөөд байна. Нийт өвчилсөн үхрийн 46,4 хувь буюу 1358 толгой үхрийг устгаж, 9 толгой үхэр буюу 0,33 хувь хорогдоод байна.
Дээрх өвчлөл гарсан сумдаас 4 сум өвчилсөн үхрээ бүрэн устгаж үхрийн гарал үүслийн гэрчилгээ бичигдэж байна.
Бусад сумдын өвчилсөн үхрийн устгалын ажил удаашралтай байна. Энэ нь малчид үхрээ устгуулахгүй гэж байгаатай холбоотой байна. Учир нь өвчилсөн үхрийн гадна шарх аньж байгаа учраас малчид үхрээ эдгэрсэн гэж үзэж байгаа юм байна.
Мөн малчид дур мэдэн үхэртээ антибиотик тарьснаар ил шинж тэмдгийг устгаж байгаагаас үүдэн малаа эдгэрсэн гэх болжээ. Тухайлбал, Чулуунхороот сумын малчин Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн 5 төрлийн эм бэлдмэлийг авчирч үхэртээ тарьсан байсан нь хамтарсан ажлын хэсгийн үзлэгээр илэрсэн байна. 5 төрлийн 76 хайрцаг, 20 флакон, 4 уут бүхий 2 сая орчим төгрөгийн өртөг бүхий эм бэлдмэлийг авсан байжээ.
Энэ нь тухайн малчин баталгаагүй эм тариа авч эдийн засгаараа хохирохоос гадна уг өвчнийг эдгээсэн гэх буруу ойлголт авч цаашид даамжруулах эрсдлийг бий болгож байгаа гэдгийг албаныхан хэллээ.
Тиймээс малчид, иргэд өвчний хор холбогдлын талаар зөв мэдээлэлтэй байх, ялангуяа уг өвчин нь эмчлэгдэхгүй шууд устгах заалттай гэдгийг анхаарууллаа.
Хууль бус хятад тариаг малчдаас хураан авчээ | |
Jaran.MN Facebook |