Ц.Сэргэлэн гишүүний бухимдлыг цагаатгах шалтгаан

2021/12/11
Ц.Сэргэлэн гишүүний бухимдлыг цагаатгах шалтгаан
Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард Улсын Их Хурлын танхим ирэх жилийнхээ Улсын төсвийг хэлэлцэн “буцалж” байдаг.
Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Хавиргын боомтын автозамын санхүүжилтээс хэн, яагаад хасчихав” хэмээн нэлээн бухимдангуйгаар асуусан.
 

Учрыг тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай 124.5 км автозам тавих санхүүжилтийг Ц.Сэргэлэн гишүүний зүгээс 2022 оны Хөгжлийн хөтөлбөрт суулгуулж, эхний ээлжийн 50 тэрбум төгрөгийг санал оруулж дэмжигдсэн нь хэлэлцүүлгийн шатанд буурч 25 тэрбум болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн автозамын хамгийн зүүн үзүүрийн цэгийг Хавиргын боомттой холбох ажлын 20 хувийг ирэх онд хийлгэхээр болсон гэсэн үг.

Харамсалтай нь УИХ-аар батлагдсан Хөгжлийн хөтөлбөрт 25 тэрбум төгрөг гэж суусан санхүүжилт Төсвийн хэлэлцүүлэгт 4.1 тэрбум нь хасагдаж орж ирсэнд Ц.Сэргэлэн гишүүн ийнхүү бухимдсан юм. Бухимдахаас аргагүй. Өндөр өртөгтэй төслийг санхүүжүүлэх мөнгийг төсөвт суулгана гэдэг тухайн тойргоос сонгогдсон гишүүний хувьд хийж чадах хамгийн чухал зүйл.

Ц.Сэргэлэн гишүүний хувьд хамгийн олон хилийн боомттой Дорнод аймгаас сонгогдсон, хилийн цэргийн ажил, амьдрал, хилийн боомтын үйл ажиллагаа, орон нутаг болоод улсын хөгжилд оруулах хувь нэмрийг хэнээс ч илүү мэдэх хүний хувьд энэ асуудалд илүүтэй анхаарч ажилладаг. Түүний зүгээс хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох зайлшгүй шаардлага, одоогийн байдал, энэ талаар урьд өмнө нь хийгдсэн ажлууд, шийдэгдэхгүй өдий хүрсэн шалтгаан нөхцөл, цаашид энэ ажлыг эхлүүлэх арга замын талаар бүх түвшинд санал бодлоо илэрхийлж, холбогдох хүмүүстэй нь уулзаж, асуулга тавьж, санал хүсэлтээ тууштай илэрхийлж цуцалтгүй хөөцөлддөг.

 

Багагүй хүчин чармайлт гаргасны дүнд эхний ээлжинд Чойбалсан хотыг “Хавирга” хилийн боомттой хатуу хучилттай замаар холбох 124,5км автозамын ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн болсон учир энэ ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төсвийн эхний ээлжийнхийг Улсын төсөвт суулгуулаад байсан юм. Тиймдээ ч санхүүжилт нь буурч орж ирсэнд бухимдахаас аргагүй. Орон нутгийн, цаашилбал улс орны хөгжилд томоохон түлхэц болох төслийн хөрөнгөөс яагаад хасагдаж, хаашаа шилжиж буйг уйгагүй хөөцөлдсөн.

 

“УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН: ХЭРЛЭН СУМААС ХАВИРГЫН БООМТ ХҮРТЭЛХ 124,5 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН 25,0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСВӨӨС 4,1 ТЭРБУМ ТӨГРӨГ, БАЯН-УУЛ СУМААС УЛЬХАН БООМТ ХҮРТЭЛХ 50 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗРААС ОРУУЛСАН 10,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГ, НИЙТ 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХАСАГДСАН БАЙНА. ҮҮНИЙ 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЭН ӨӨР АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР САНАЛ ОРУУЛСНАА Х.БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН МААНЬ УТСААР САЯ НАДАД ХЭЛЛЭЭ. Б.ЖАВХЛАН САЙДАД МИНИЙ БИЕ ХЭРЛЭН СУМААС ХАВИРГЫН БООМТ ХҮРТЭЛХ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ТӨСВӨӨС МӨНГӨ ХАСАХ ТУХАЙ ЯМАР НЭГЭН САНАЛ ХЭЛЭЭГҮЙ БӨГӨӨД ОДОО ЦААНА НЬ ҮЛДЭЖ БАЙГАА ХАСАГДСАН ТӨСВИЙГ ХААШ НЬ ШИЛЖҮҮЛСЭН БОЛОХЫГ АЖЛЫН БАЙДЛААР ТОДРУУЛАХ БОЛНО” ГЭДГЭЭ СОШИАЛ ХУУДСААРАА ДАМЖУУЛАН МЭДЭГДСЭН.

Сонгогдсон тойргийнхоо төлөө санаа тавин ажилладаг, ирээдүйтэй төсөл хөтөлбөрүүдийг сонгон хэрэгжүүлдэг, түүнийхээ араас уйгагүй хөөцөлдөж, бодит ажил болгохоор зүтгэдэг Ц.Сэргэлэн гишүүний бухимдлыг цагаатган ойлгох ёстой цаад шалтгаан нь Дорнод нутгийн хөгжлийн төлөөх сэтгэл байлаа.

Ц.Сэргэлэн гишүүний бухимдлыг цагаатгах шалтгаан   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх