Жаран.мн сайт улсын аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн Аймгийн хошой аварга малчин Оюунбалдан овогтой Ирэнбартай танилцана уу.
Оюунбалдан овогтой Ирэнбар нь 1971 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн. Ам бүл 3, Эхнэр, хүүхэдийн хамт амьдардаг.Тэрээр 1987 онд Баянтүмэн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд МХЗЭ-ийн төв хорооны илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж 1992 онд /Нэгдэл тартал / ажиллаж байгаад хувийн хэвшилд шилжин одоог хүртэл ажиллаж байна.
О.Ирэнбар орон нутагтаа хөдөлмөрөөрөө алдаршиж мянгат малчны болзлыг хангаж явсан малчдын нэгэн ажээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийнхаа эмзэг бүлгийн айл өрхүүдийг малжуулах талаар идэвхтэй ажиллаж 13 өрхөд 612 толгой мал өгч малжуулаад байгаа юм.
Жил бүр хувийн мал эмнэлгийн салбартай гэрээ байгуулан улсаас санхүүжүүлэх халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх вакцинжуулалт мал сүргээ хугацаанд нь бүрэн оруулж хэвшсэний гадна малын угаавар, туулгалт, халдварт бус өвчний эм тариа, эмчийн ажлын хөлсөнд жилд дунджаар 5-6 сая төгрөг зарцуулж байна. Орон нутгийн халдварт өвчин гарах гол нөхцөл болсон хашаа хорооны хэвтэр бууцыг уламжлалт аргаар овоолж ариутгахаас гадна мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг жил бүр хийлгэж заншжээ.
Тэрээр 2014 онд 50 гишүүнтэй “Мандах нарны хишиг” малчдын хоршоо байгуулж, тэргүүнээр сонгогдон төмс хүнсний ногоо тариалах, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрт шууд нийлүүлэх зэрэгээр хоршин ажиллаж байна.
О.Ирэнбар сумын аваргыг 4 удаа хангаж цол шагналыг хүлээн авч байсан тэргүүний малчдын нэг. Сумын сайн малчин, Сумын алдарт уяач, Аймгийн сайн малчин, Аймгийн хошой аварга малчин, Аймгийн алдарт уяач, МҮОНР телевизийн Алтан унаганы эзэн шагналуудаар тус тус шагнагдсан байна.
Улсын аварга малчдыг танилцуулж байна: ОЮУНБАЛДАНГИЙН ИРЭНБАР | |
Jaran.MN Facebook |