Алтан төлийн эзэд алдраа хүртлээ

2022/02/07
Алтан төлийн эзэд алдраа хүртлээ

Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Улсын аварга малчин Равдангийн Бадамрагчаа нь 2021 онд 2022 толгой хониноос 950 эх мал төллөж, 1003 хурга бойжуулсан амжилтаар “Алтан хурганы эзэн”;

 

Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн малчин Р.Бадамрагчаа нь Дорнод аймгийн анхны мянгат малчин болох аав А.Равдан болон  нутгийн хашир туршлагатай малчдаас уламжлалт мал маллах арга ухаанд  суралцан мал сүргээ өсгөж үржүүлэн өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлж нутаг орныхоо олон залуу малчдыг манлайлан өөрийн арга туршлагаа тэдэнд заан сургах үйлсийг түгээн дэлгэрүүлж явна. Тэрээр уламжлалт мал маллах анхны гараагаа эхэлснээс хойш ард түмэн төр засаг, орон нутагтаа ажил хөдөлмөрөөрөө  үнэлэгдэж сайн малчдын эгнээнд зэрэгцэн  мал сүргээ жил дараалан өсгөж 2000 онд “Мянгат малчин” , 2001 онд “Сумын сайн малчин”, 2003 онд “Аймгийн сайн малчин”, 2016 онд “Улсын аварга малчин өрх”-өөр шагнагдаж сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа манай сумын тэргүүний малчдын нэг юм.

 

Гурванзагал сумын Рашаант багийн малчин Шагдарын Зоригт нь 2021 онд 489 толгой адуунаас 169 гүү төллөж, 169 унага бойжуулсан амжилтаар “Алтан унаганы эзэн”

 

Гурванзагал сумын Рашаант багийн Ш.Зоригт нь 1986-1994 онд Гурванзагал сумын сургуульд элсэн орж 8 дугаар ангийг төгсөж, 1996-1997 онд Дорноговь аймгийн Зүүн баянгийн Зэвсэгт хүчний 31 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаажээ. 2000 оноос өрх гэр тусгаарлан Рашаант багтаа мал аж ахуй эрхлэн мал сүргээ өсгөн үржүүлж 18 жил тасралтгүй хөдөлмөрлөх хугацаандаа малын үүлдэрлэг байдал, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироо, сүргийн бүтцэд онцгой анхаарч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Тэмээ” дэд хөтөлбөрийн хүрээнд таван хошуу малын сүргийн бүтцийн уламжлалт зохицолдоог алдагдуулахгүй байх, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шим, чанарыг сайжруулах, ачлага, уналга эдэлгээнд сургах, Барга үүлдрийн хуц,  ямаагаа Баяндэлгэрийн улаан үүлдрийн улаан ухнаар, үхэр сүргээ нутгийн Монгол үүлдрийн бух, мах, сүүний чиглэлийн Казакийн цагаан толгойт үүлдэр, Ангус үүлдрийн бухаар, адуун сүргээ нутгийн Монгол үүлдрийн азарга, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хурдан удмын Азарга, Англи үүлдрийн эрлийз Азаргаар сайжруулан малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Загдын Ганбаатар нь 2021 онд 238 толгой үхрээс 104 үнээ төллөж, 104 тугал бойжуулсан амжилтаар “Алтан тугалны эзэн”

  

Чойбалсан сумын Энгэршанд багийн малчин  З.Ганбаатар малаа маллахын зэрэгцээ  2017 оноос багийнхаа “Энгэршанд” бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагчаар  ажиллан бэлчээрийг зохистой ашиглах, бэлчээр сэлгэх намрын отор нүүдлийг зохион байгуулахад идэвх санаачлага гарган бусад бэлчээр ашиглалтын хэсгүүддээ сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж байна. Адуун сүргээ   хурдны чиглэлээр, үхэр сүргээ Ангус , хонин  сүргээ Барга үүлдрээр, ямаан сүргээ Баяндэлгэрийн  улаан үүлдрээр сайжруулах ажлыг хийж малын үүлдэрлэг байдал ашиг шимийг нэмэгдүүлэхэд голчлон анхаарал хандуулдаг байна. Жил бүр малаа таван төрлөөр нь өсгөн 2012 онд “Сумын аварга малчин”, 2016 онд “Аймгийн аварга малчин” цолыг хүртээд байгаа юм.

 

Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Балчин-Ойдов  овогтой Эрдэнэбат нь 2021 онд 550 хониноос 330 эх мал төллөж, 306 хурга  бойжуулсан амжилтаар “Алтан хурганы эзэн”;

 

Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Б.Эрдэнэбат нь бага насандаа эцэг, эхийн асрамжинд өсөн хүмүүжиж, 1977-1985 онуудад Дорнод аймгийн Чойбалсан хотын 8 жилийн дунд сургуульд сурч төгсөн бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн байна. Тэрээр зуны сар зургаа биш гэж хэлнэ.  Өвлийн бэлтгэлийг зунаас, намраас бүр хавраас эхэлдэг “Хашаа хороогоо засах сэлбэх, түлээ түлшээ базаах, дулаан хувцсаа бэлдэх, малаа ангилж ялгах байнга л санаа тавьж байхгүй бол зөнд нь орхиж болохгүй” гэж залуу малчдад зааж сургаж явдаг хүн юм. Тийнхүү өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ бүх талаас нь сайтар базаасны хүчинд байгалийн давагдашгүй бэрхшээлд ядрахгүй, хохирол багатай даван туулдаг туршлагатай. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил бүр байгалийн хадлангаа өөрөө болон туслах малчдын хүч хөдөлмөрөөр бэлтгэх нь өвлийг өнтэй давах арга туршлагын нэг гэж үздэг. Мал сүргээ таван төрөл дээр нь тасралтгүй өсгөж, 1000-1300 толгой мал тоолуулж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийг жил бүр нэмэгдүүлэн, 100 эхээс бойжуулсан төлийн тоог улсын дунджаас өсгөн, сүүлийн 5 жил дараалан зүй бусын хорогдолгүй ажиллаж байгаа аж.

 

Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Цэрэннадмидын Батзориг нь 2021 онд 469 толгой адуунаас 163 гүү төллөж, 163 унага бойжуулсан амжилтаар “Алтан унаганы эзэн”

 

Ц.Батзориг нь ажиллах хугацаандаа мал сүргээ байнга өсгөж сум орон нутагтаа хөдөлмөрөөрөө алдаршиж сумын аварга малчны болзлыг хангаж явсан малчдын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутгийнхаа эмзэг бүлгийн айл өрхүүдийг малжуулах талаар идэвхтэй ажиллаж байгаа малчдын нэг юм. Одоогийн байдлаар  өөрийн гэрээс өрх тусгаарласан 4 өрхөд 200 толгой мал өгч малжуулахаас гадна сүүлийн 5 жил Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуультай гэрээ байгуулан сурагчдын хоол хүнсний бүтээгдэхүүн болох мах нийлүүлэн ажиллаж байна. Малын үүлдэр угсааг сайжруулахаар мах сүүний чиглэлийн 1 бух, хурдан удмын Англи азарга 2, үзэмчин үүлдэрийн 6 хуц. Баяндэлгэрийн 4 ухна зэргийг худалдан авч үржилд ашиглаж байна.

Алтан төлийн эзэд алдраа хүртлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх