Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Степ голд компанийн хүнд даацын автомашинууд Тосон Хулстайн байгалийн нөөц газрын дундуур зорчиж байна. Үүнээс үүдэн тус бүс нутгийн унаган төрх алдагдаж цагаан зээр дайжиж байгаа дүр зураг ажиглагдах болжээ.
Тосон Хулстайн байгалийн нөөц газар нь хялганат тал хээрийн экосистем, түүний үнэт зүйл болох цагаан зээрийн төллөх, нутаглах гол бүс нутаг бөгөөд 2021 онд ЮНЕСКО-н Дэлхийн хүн ба шим мандлын нөөцөд бүртгэгдсэн билээ.
Тосон Хулстайн байгалийн нөөц газрын хөрсийг эвдэх, ан амьтныг үргээх, байршил нутгийг алдагдуулах, байгалийн унаган төрхийг өөрчлөх, сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018, 2019 онуудад Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын ИТХ-аас бүх жин нь 5 тонноос дээш тээврийн хэрэгсэл тус бүс нутагт хөдөлгөөнд оролцохыг хориглосон тогтоол гаргаж байжээ.
Гэвч Цагаан-Овоо сумын нутагт байрлах Степ голд компанийн нүүрс тээврийн хүнд даацын автомашинууд Тосон Хулстайгаар дамжин өнгөрч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын ИТХ-ын тогтоолыг зөрчсөөр байна. Цагаан-Овоо сумаас дээрх нөхцөл байдлаа зогсоох тухай 2 удаагийн албан шаардлага хүргүүлсэн байна. Харин Хөлөнбуйр сумаас энэ асуудалд анхаарлаа хандуулаагүй гэхэд болно.
Учир нь Өвөрхангайгаас нүүрс тээвэрлэж яваа хүнд даацын автомашинууд Хөлөнбуйр сумаас Тосон Хулстайгаар дамжин Степ голд компанийн уурхайд очдог байна. Тиймээс Хөлөнбуйр сум дээрх тогтоолын хэрэгжилтээ хангуулах тал дээр санаачилга гарган ажиллах ёстой.
Степ голд компани өнөөдрийг хүртэл авто замын маршрутаа тогтоогоогүй, батлагдаагүй замаар хөдөлгөөн хийж байгаа нь Авто замын тухайн хуулийн 15-р зүйлийг зөрчиж байна. Уг нь бол тус уурхай үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө ачаа тээрийн зам маршрутаа батлуулах ёстой.
2019 онд Степ голд компанийн сум хооронд зорчих замын маршрутыг тогтоосон Цагаан-Овоо сумын Засаг даргын захирамж гарч байжээ. Тодруулбал, Цагаан-Овоо сумаас тус компанийн уурхай хүртэл зорчих замын маршрут учраас бусад газраас ирж буй замын хөдөлгөөнд хамаарахгүй гэсэн үг.
Тосон Хулстайн байгалийн нөөц газраас 4-5 км зайтай оршдог тус уурхай 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Степ голд компани Тосон Хулстайн байгалийн нөөц газраар 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон шийдвэртэй уялдуулан Цагаан-Овоо сум руу ачаа тээврийн зам маршрутыг тогтоох өгөх хүсэлтийг 4 удаа хүргүүлж байжээ. Гэсэн ч зам маршрут тогтоож өгөхгүй байсан тул зарим тээвэрлэлт нь Тосон Хулстайгаар зорчиж байна.
Тус компанийн зүгээс замын маршрут албажин батлагдсан тохиолдолд бүх гэрээт компаниуддаа мэдэгдэж зөвхөн батлагдсан маршрутын дагуу зорчих, эс бөгөөс гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн тухайгаа мэдэгдсэн гэж байгаа юм.
2021 оны 12-р сард Цагаан-Овоо сумын ИТХ-аас тус уурхайн хүн тээвэр, ачаа тээврийн замын маршрутыг баталсан гэж байгаа ч одоогоор ямар маршрут баталж хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.
Тосон Хулстайн байгалийн нөөц газар Монголд төдийгүй дэлхийд ховор хялганат хээр, цагаан зээрийн амьдрах орчин тул энэ бүс нутгийг хамгаалах асуудалд хайнга хандах учиргүй. Гэтэл Хөлөнбуйр Цагаан-Овоо сумдууд хамгаалах гэж гаргасан тогтоолоо умартаж, Степ голд компани төрийн шийдвэрийг хүлээсэн гэх нэрийдлээр Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг том тэрэгний дугуйгаар талхалж байна.
Том тэрэгний дугуйгаар Тосон хулстайг талхалж байна | |
Jaran.MN Facebook |