Дорнод аймгийн Баян-Уул сумын Соёлын төвийн хамт олон 3 сарын 17,18-ний өдрүүдэд Зүүн бүсийн жишиг Соёлын төв Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын соёлын төвөөр зочилж, туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтаар тус сумын Соёлын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлын үйл ажиллагаатай танилцаж, Номын сан, Орон нутаг судлах музей, Тахилгын шилдэг зан үйлтэй Дархан хаан уулаар зочилж, Соёлын төвийн ажилчдын ур чадварыг сайжруулах, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хоёр сумынхан солын төв хамтарсан уран бүтээлийн тоглолт зохион байгуулж, тоглолтод Сүхбаатар сумаас Соёлын төвийн дэргэдэх сурагчдын цахилгаан хөгжмийн хамтлаг, бүжгийн дугуйлангийн сурагчид, Соёлын төвийн алба хаагчид оролцсон бол Баян-Уул сумын Соёлын төвийн дэргэдэх язгуур урлагийн Алхана хамтлаг шинэ уран бүтээл “Хатир наадаан”, Баян-Уул сумын Орон нутаг судлах танхимын ажилтан, СТА Б.Эрдэнэбаатар “Яахаш хүн бийб” дуугаараа мэндчилгээ дэвшүүлжээ.
Сүхбаатар сумын Соёлын төвийн дарга Л.Батжаргал нь соёлын байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй бөгөөд зориод ирсэн хэн бүхэнд мэддэг чаддагаа харамгүй хуваалцахаа илэрхийлсэн бол Баян-Уул сумын Соёлын төвийн дарга П.Оюунцэцэг “Хамт олныхоо мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа тул Сүхбаатар сумыг зорьж ирсэн маань явсан хүн нэгийг дуулдгийн үлгэрээр маш үр бүтээлтэй, өндөр ач холбогдолтой уулзалт боллоо” хэмээн дүгнэсэн юм. Сумдын Соёлын төвийн ажилчдын мэдлэг чадварыг сайжруулж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхээр зорьж, аймаг дамжин туршлага солилцож буй сайн жишиг цааш үргэлжлэх биз ээ.
Баян-Уул, Сүхбаатар сумдын соёын төв хамтран туршлага солилцох уулзалт зохион байгууллаа | |
Jaran.MN Facebook |