Чойбалсан хотын орон сууцны хэрэглэгчдийг цэвэр усаар хангаж байгаа 63,3 км шугам сүлжээний 90 гаруй хувь нь 40-өөс дээш жилийн насжилттай байна. Тиймээс уг шугаманд хаг зэв их хэмжээгээр үүсч засвар үйлчилгээ хийх, усыг хааж нээхэд зэв хөдөлж айл өрхүүдийн карантнаас зэвтэй ус гоожиж байна гэж ус хангамж хариуцсан байгууллагаас хэлж байгаа юм.
Нэгэнт шугам сүлжээний элэгдлээс үүдэлтэй бий болсон зэвийг бүрэн арилгах боломжгүй учраас 3 жилдээ 1 удаа шугам хоолойг угаах ажил хийдэг байна. Өнгөрсөн онд угаах ёстой байсан ч айл өрхүүдийн усны хэрэглээ өмнөх жилийнхээс 2 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор өнжжээ.
Энэ онд орон сууцны байруудын хэрэгцээний халуун усны ялтсан бойлуурыг угаах ажлыг 2-р сараас хийж эхэлсэн байна.
Харин нийт 47,5 км дамжуулах шугам сүлжээг даралттай усаар угаах ажлыг 5-р сарын 15-наас хийхээр төлөвлөжээ.
Дээр нь ИТХ-аас 1,5 тэрбум төгрөгийн материалын зардал баталж орон сууцны 29-39-р байрны гадна болон зоорийн давхрын шугам сүлжээ, 12-17-р байрны зоорийн давхар, 2010 оноос өмнө ашиглалтад орсон 66 орон сууцны хаалт арматурыг солих ажлыг хийх юм байна.
Ингэснээр хаг зэв бүрэн арилахгүй. Учир нь босоо хэвтээ шугамууд, дундын өмчлөлийн шугам сүлжээ угаагдахгүй үлдэх юм. Гэхдээ тодорхой хэмжээгээр зэв буурна.
Орон сууцны хэрэглэгчдийг цэвэр усаар хангаж байгаа нийт 63,3 км шугамыг шинэчлэх зураг төсвийг боловсруулах тендер зарлагдаад байна. Ингэснээр Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг бүрэн шинэчлэхэд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй, хэр хугацаа шаардагдах зэрэг тооцоо судалгаатай болно.
Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээний 90 гаруй хувь нь 40-өөс дээш жилийн насжилттай | |
Jaran.MN Facebook |