Уран зохиол судлаач Л.Хэрээ: НЭГ НУТГИЙН АВЬЯАСТ БИЛЭГТНИЙ ГУРВАН ДУУ

2022/04/14
Уран зохиол судлаач Л.Хэрээ:  НЭГ НУТГИЙН АВЬЯАСТ БИЛЭГТНИЙ ГУРВАН ДУУ

Уран зохиол судлаач Л.Хэрээ гуай Монгол ардын нилээд олон дууны яруу найргийг судалж сонирхолтой санаануудыг дэвшүүлсэн байдаг. Түүний бүтээлийг уншигч олондоо цувралаар хүргэхийг зорьж байгаа бөгөөд энэ удаад Халхгол сумын гурван авъяас билэгтний зохиосон ардын дууны яруу найрагт хийсэн судалгааг нийтэлж байна. 

          Одоогоос зуу гаруй жилийн тэртээ Халхгол нутгийн авьяас билэгт Б.Сэрээтэр “Дөрвөн настай бор /халиун/”, Жагдар занги “Цомбон туурайтай хүрэн”, Б.Гүррагчаа тайж “Тохой зандан мод” хэмээх дуу зохиожээ. Нэг нутгийн гурван хүн харьцангүй ойролцоо цаг үед гурван дуу зохиож тэр нь монгол ардын дууны их санд мөнхрөн үлдэнэ гэдэг тийм ч элбэг тохиолдол биш бололтой. .
          Дээр дурьдсан эхний хоёр дууны зохиогдсон түүх болон дуунд нэр орсон хүмүүсийн тухай Б.Гаваа, Б. Палам М.Цэвэгмид нарын уг нутгийн түүх сонирхогчид болон эрдэмтэн Ж.Саруулбуян зэрэг хүмүүс аман уламжлалыг цуглуулан түүхэн үйл явдлын талаар судалгааны өгүүлэл тэмдэглэл бичиж нийтлүүлснээр уншигч олон нилээд мэддэг болжээ. Судлаачдын бичсэнтэй давхардуулалгүй уг хоёр дуутай холбогдох зарим нэг баримтыг ном тохимолоос олж харснаа тэмдэглэн үлдээе.
          Нэг. “Дөрвөн настай бор” дууг зохиосон Барамсайн Сэрээтэр хэдий үед төрж, амьдарч байсан, хэдий үед энэ дууг зохиосон вэ?
          Дөрвөн төрийн нүүр үзэж өндөр насалсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн  Магсаржавын Дамдинсүрэн агсан дурсамжийн номондоо “...Би 1939 оны намар адуунд явж байхдаа Сутайн тойрмын зүүн дээр нэг бор гэр  байхаар тэр айлд буулаа. Ганц бие Б.Самдан ламынх байв. Ламтан- нас сүүдэр 83 хүрлээ. Эцэг эхээс хоёул юмсан. Ганц дүү маань надаас хоёр дүү Барамсайн Сэрээтэр гэдэг.Шилийн сайн эр болж яваад гүн нүхний ёроолд хатаж үхсэн дээ*...” гэж өгүүлснийг дурсан бичжээ. Үүнээс хөөж бодвол Б.Сэрээтэр 1858 оны үед төрж, эр бие, бяр чадал тэгшрих үе буюу 1880-90-ээд оны хооронд уг дууг зохион дуулсан байж магадгүй  гэж үзэж байна.
          Энэ дууны нэг мөрийн талаар дуугүй өнгөрч боломгүй юм шиг санагдлаа. 
                        “...Дөрвөлжлөөд харагдах бараа нь
                            Халхын дөрвөн Хансар уу даа” гэсэн мөрийг одоо
                            Дөрвөлжлөөд харагдах бараа нь
                            Дөтөлсөн амрагийн бараа юу даа... гэж  дуулж байгаа нь   уламжлалт эхийн утгыг алдагдуулж, бас инээдэмтэй байдалд хүргэж байна.  Халхгол хошууны дөрвөн гол сүмийг Халхын дөрвөн хансар гэж нэрлэдэг байжээ.Эзэн ноёндоо хавчигдан Баргын нутагт орогон зайлсан сайхь эрийг нутаг орондоо сэм сэмхэн орж гарахад хамгийн түрүүнд Халхын дөрвөн сүм харагддаг байсан бололтой. Ийм утга санаатай мөрийг “Дөтөлсөн амрагийн бараа” болгожээ. Нөгөө талаар холоос дөтлөн ойртож яваа морьтой хүн байшин сав шиг “дөрвөлжлөөд” баймааргүй, харин “торойж” юм уу “шоволзон” харагдмаар юм.“Зааж хийсэн зандан ширээ” шиг болсон ардын дууны яруу найргийн нэг үг, ганц мөрийг ч гэсэн засаж өөрчилж дуулна гэдэг ийм байдалд хүргэдэг байна.        
          Хоёр. Сүжигт вангийн хошууны /одоогийн Халхгол сум/ занги Жагдар 1920 оны намар хошууныхаа жаран цэргийн захиран Богд хаант улсын цэрэгт мордож, тэр жилээ Цэцэн ханы хүрээнээс /одоогийн Чингис хот/ урагш олон хошуунын цэрэг цугларсан Баруунтарган гэдэг газар өвөлжсөн байна. Энд байхдаа Жагдар занги сэтгэлтэй бусгүйгээ санан мөрөөдөж  “Цомбон туурайтай хүрэн”  дууг зохиожээ. Халхгол нутгийн Ардын хувьсгалын партизан Дамдингийн Мэнджаргал /1901-1981он/ дурдатгалдаа “...Тэнд байхдаа ихэд уйдацгаасан учир цэрэг захирсан Жагдар занги “Цомбон туурайтай хүрэн” гэдэг дуу зохиож цөмөөрөө дуулж байлаа. Тэр дуу одоо ардын дуу болжээ**...” гэж дурдсан байна. Энэ дуу ямар цаг үед хаана хэдийд зохиосныг анх дуулж явсан хүний нэг ийнхүү тэмдэглэн үлдээжээ. Уг дуунд
                              ...Оонын хоёр эврийг
                                 Ороож зангидаж болдоггүй:
                                 Орчлон хорвоогийн ёсийг
                                 Огоорч мартаж болдоггүй***...гэх мэтээр эн зэрэгцүүлсэн бадгууд бий.
          Орчлон ертөнцийн юмс үзэгдэл хоёр туйлын шүтэлцээнд орших гүн ухаарлын цаана хүмүүн заяанд төрсөн хоёр хүйстэн ч энэ л холбоонд амьдрахыг дуунд агуулганд нийцүүлэн шүлэглэсэн мэт санагдана.
           Ер нь ардын дууны судалгаанд тухайн дууны зохиогдсон түүхэн үйл явдлыг аман болон бичгийн баримтаар мөшгин хөөж баталгаажуулахыг зэрэгцээ уг шүлэг үгийн урлагийн илэрхийлэл болох учир зохиогчийн уран чадварыг нээж өгөх нь түүний авьяас билгийг таньж мэдэхийн үндэс болно. 
           Гурав. Их эрдэмтэн,зохиолч “хөдөөгийн” хэмээх Д.Пэрлээ агсан тавь гаруй жилийн тэртээ “Тохой зандан хэмээх дууны тухай”  өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна****. Тэрээр, Б.Гүррагчаа тайж Халхгол нутагт төрсөн,То вангийн удам Бавуу бэйсийн хүү болохыг дурдаад “...Гүррагчаа залуу цагаасаа аймаг хошуундаа сайн бичээч гэгдэж алба хааж явах болсон ба 1911-1920 оны үед нийслэл хүрээнд ирж, тэр цагийн Гадаад явдлын яамнаа алба хийж, төрийн хэргээр Хайлаар зэрэг хот явж байжээ....Д.Сүхбаатар ч түүнд шавь орж бичиг заалгаж байсныг мэдэх хүн олон бий...Гүррагчаа 35-тайдаа 1920-иод онд нас барсан байх тул үүнээс үүсэж бодвол 1885-86 төрсөн болно...” гэж түүний амьдрал,ажил үйлсийн тухай товч тэмдэглэсэн байна.
          Эрдэмтэн Д.Пэрлээ гуай  уран бүтээлийнх нь өвийг тодруулахдаа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн бичмэл санд хадгалагдаж байгаа, Гүррагчаагийн дотнын  шавь, аман зохиол цуглуулагч “Ж.Дамдиндоржийн уран зохиолын өв ба аман зохиолын тэмдэглэл”-д орсон  “Гүррагчаагийн тухай дуу”, “Хэцүү То вангийн садан Бавуу бэйсийн хүү, тайж Гүррагчаагийн бичсэн дууны үг” гэсэн хоёр бичвэрийг үндэс болгон “...Гүррагчааг таних мэдэх хүмүүсийн ам мэдээг Дамдиндоржийн тэмдэглэлтэй харшуулан үзэхэд “Тохой зандан мод”-ын зохиогч нь Гүррагчаа болохыг сайн мэдэж болно..” гэж дүгнээд,зохиогчийн эх бичвэртэй хамгийн ойр бололтой  хуулбар эхийг хэвлүүлсэн байна. Буурал эрдэмтний багахан тэмдэглэлдээ шингээсэн мэдлэгийн өглөгт баярлан уг дууг сонирхон ажиглаж үзлээ.
          Б.Гүррагчаа юмс үзэгдлийн учир зүйг гүн гүнзгий ургуулж бодох сэтгэлгэний цар хүрээ сайтай, шүлэглэх ур чадвар эзэмшсэн, дууны шүлгийн онцлогыг мэдэрсэн нилээд туршлагатай  яруу найрагч байсан бололтой.Энэ дууны бадаг бүрийн эхний хос мөрөнд:.
                             Тохой зандан модондоо бөмбөр минь
                             Толгойн сүүдэр дайрна даа бөмбөр минь....
                            ..Ургаа зандан модондоо бөмбөр минь
                              Уулын сүүдэр дайрна даа бөмбөр минь ...
                           ...Үзүүр зандан модондоо бөмбөр минь
                              Үүлийн сүүдэр дайрна даа бөмбөр минь...
                           ...Салаа зандан модондоо бөмбөр минь
                              Сарны туяа тусна даа бөмбөр минь... гэжээ.
          Зохиогч монгол оронд ургадаггүй зандан модыг сонгон авч уг дууны бадаг доторх эн зэрэгцүүлэлтийн эхний хос мөр болгон тавихдаа зулзгана модны тохойн чинээн үед толгойн сүүдэр, ургаж өндөрсөх тутам  уулын  сүүдэр, үзүүр орой гүйцэх үед үүлийн сүүдэр дайруулж, салаалж саглайх ахуйд сарны туяа тусган, намаас өндөр лүү, багаас их рүү  ургуулан бодож, учир зүйн холбоонд шүлэглэжээ
           Мөн дууны бадаг бүрийн эн зэрэгцүүлэлтийн хоёр дахь хос мөрөнд::
                           ...Тоотой хоногийн үйлэн дээ бөмбөр минь
                              Тоогүй муухай даслаа даа бөмбөр минь...
                           ...Уулзахын ерөөл байвал даа бөмбөр минь
                              Удаан түргэн ч яамай даа бөмбөр минь...
                           ...Үнэн сэтгэл байвал даа бөмбөр минь
                              Үеийн бидэнд ялгаагүй дээ бөмбөр минь...
                           ...Сайны ерөөл байвал даа бөмбөр минь
                              Сардаа нэг л учирна даа бөмбөр минь гэжээ.
          Дээр дурьдсан учир зүйн холбоотой адилтган хайр сэтгэлээ илэрхийлэхдээ тоотой хоногт дассанаа, уулзахын ерөөлд хөтлөгдсөнөө, үнэн сэтгэлтэй болсноо ахиулан өгүүлээд сардаа нэг л учирахын ерөөлөөр санаагаа хамжааргатай болоод монгол сэтгэлгээгээр гаргажээ. Б.Гүррагчаа шүлгийнхээ агуулгыг үгийн утга төдийгүй зандан модны шинж чанарыг бодогдуулан хайр сэтгэлээ давхар тодотгон гайхалтай гаргажээ гэж үзэж болмоор байна..
          Манай ард түмэн зандан модны анхилуун сайхан үнэр хийгээд зүлгэх тутам гялалзах өнгө, эдэлгээ даах чанарыг эрхэмлэн үзэж эдэлж хэрэглэж иржээ.Мөн эл модны цэх шулуун байдлыг ихэд бэлэгдэн  “Зандан мод муруй ургахаар хугарсан дээр. Залуу хүн гаж явахаар үхсэн дээр” гэсэн хатуухан зүйр үг хүртэл зохиожээ..
          Дууны үндсэн агуулга болсон үнэн хайр сэтгэл цагийн эргэлтэд холбирч хувиршгүй, шулуун шудрага, ариун сайхан байх утга санааг “зандан мод” бүхэлд нь тодотгож байна.Тэгээд ч зохиогч дуугаа “Тохой зандан мод” гэж нэрлэсэн байж магадгүй. Б.Гүррагчаагийн Жагар оронд ургах зандан модыг яруу найрагт дүрсэлсэн тохиодол нь их зохиолч Д.Нацагдоржийн эмэгтэй хүний гоо сайхныг зурагласан “Энэтхэг бүсгүй” шүлэгт уламжлалын учиг татсан байж болох юм.
         Үнэнч хайр сэтгэл хамтран амьдрах,ханийн жаргалд умбуулах хэдийч энэ дуунд зөрүү заяанд хөтлөх тохиолыг илэрхийлснээрээ хүний амьдрал эерэг сөргийн холбоонд оршихыг гаргажээ. Зохиогчийн ур чадвар ийнхүү ажиглагдаж  байна. Зарим нэг дүрслэл, үг сонголтын талаар хэдэн үг хэлье.
                           “Тоотой хоногийн үйлэндээ бөмбөр минь
                            Тоогүй муухай даслаа даа бөмбөр минь” гэсэн холбоо мөрөнд дотно сайхан дассанаа “тоогүй муухай” гэж агуулгатайгаа  эсрэгцүүлэн хэлж санаагаа ойлгомжтой тод гаргасан байна. Үүнийг бараг эртний Энэтхэгийн утгазохиолын онол “Зохист аялгууны толь”-ны үгийн гүтгэх чимгээр найруулжээ гэж үзэж болмоор санагдана.
          Өнөөдөр манай зарим залуу яруу найрагчид “дэндүү дэндүү даслаа”, “даанч дэндүү даслаа” гэж болхидуухан бичихээ анхаарч “тоогүй муухай”-гаас суралцаж болмоор юм. Шүлгийн мөр бүрийн төгсгөлд “бөмбөр” гэдэг нэр үгийг “минь” хэмээх аяга үгтэй хоршин сэтгэлийн хөдөлгөөний бахархал энхрийлэлийг дууны аялгуу эгшиглэнд нийцүүлжээ.
          Б.Гүррагчаагийн цөөхөн шүлэг уламжлагдан ирсэн хэдийч ийм авъяаслаг найрагчийн уран бүтээлийн өв үүгээр хязгаарлагдахгүй бол уу гэсэн бодлоо  уранзохиол болон ардын дуу судлаачид, сонирхогчдын анхааралд хүргэе.

                                                                                                                                              Уран зохиол судлаач Л.Хэрээ

Уран зохиол судлаач Л.Хэрээ: НЭГ НУТГИЙН АВЬЯАСТ БИЛЭГТНИЙ ГУРВАН ДУУ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх