Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар уул уурхайн компаниуд Монгол иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээнэ. Ингэхдээ нийт ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болохоор заасан байдаг.
Хэрвээ дээрх заасан хэмжээнээс илүү тоогоор гадаад иргэд ажиллуулсан бол ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг тухайн сумын төсөвт төвлөрүүлэх ёстой байна.
Энэ тохиолдолд тухайн сум Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа журам баталж сумынхаа төсөвт мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах асуудлыг шийдэх юм байна. Дорнод аймгийн Чойбалсан суманд байдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шаньлун ХХК сүүлийн 6 жил үйл ажиллагаа явуулаагүй ч 3 Хятад иргэн ажилладаг байна.
Эдгээр иргэдээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сумынхаа төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж зарим төлөөлөгчид үзэж байна. Сумын ИТХ-аас уг асуудлыг судлахаар болжээ.
Уг заалтыг хэрэгжүүлж ажиллавал Чойбалсан сумын төсөвт жилдээ 150 гаруй сая төгрөг төвлөрөх боломжтой аж.
Уул уурхайн компанид ажилласдын 10-с илүү хувь нь гадаад ажилчид бол тухайн сум төлбөр авах эрхтэй | |
Jaran.MN Facebook |