“4 АЙМАГ 400 КМ" явган алхалтын хөтөлбөрийн эхний баг аялалаа өндөрлөлөө

2022/04/28
“4 АЙМАГ 400 КМ" явган алхалтын хөтөлбөрийн эхний баг аялалаа өндөрлөлөө

“АЛХАЛТ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭДЭГ”

Иргэдийг явган алхалтанд уриалах, үлгэрлэн дагуулах зорилгоор Монголын явган алхалтын холбооноос (Mongolian Walking Association) зохион байгуулж буй “4 аймаг 400 км” уртын алхалтын хөтөлбөрийг энэ оны 4-р сарын 9-нд эхлүүлж тус холбооны 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр замдаа гарсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дэх заалтын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчин, эмгэгийг бууруулах зорилгоор Монгол улсын хэмжээнд томоохон аян, үйл ажиллагаанууд өрнөж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” үндэсний аяныг 2022.02.16 -аас эхлүүлэн 06.01-г дуустал үргэлжилж байгаа бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг энэ оны 5 дугаар сарын 20-оос улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү аяны үзэл санаа, зорилгыг дэмжиж “4 аймаг 400 км” багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Э.Чойсүрэн ахлагчийн санаачилга, удирдлага дор тус холбооны гишүүд болох Спортын мастер Ц.Баярхүү, Спортын мастер С.Батболд, Спортын мастер Ж.Тулга, Role Model Walker 2021 алхагч Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтсан байна.

“4 аймаг 400 км” явган алхалтын багийнхан Завхан аймгийн Улиастай хотоос алхалтаа албан ёсоор эхлүүлсэн өдрөөс эхлэн тасралтгүй 10 хоногийн туршид цасан шамарга тавьж, эрчит салхи шуурч, өндөр уулс, хадан хясаа, хөр цас, цөн түрж мөс хайлсан гол мөрөн гээд бишгүй саад бэрхшээл дундуур аялалаа үргэлжлүүлсээр 400 км замыг туулан Архангай аймагт хүрч  аялалаа амжилттай өндөрлүүлсэн юм.

“4 аймаг 400 км” багийнхан эр зориг, тэвчээр хатуужил, арга туршлага, эв нэгдэл, нарийн зохион байгуулалт, багийн ажиллагааны хүчээр эрсдэл ихтэй хүндхэн замыг амжилттай тууллаа. Энэ оны 7-р сард “4 аймаг 400 км” үзэл санааны алхалтын дараагийн баг тамирчид явган аялалаа эхлүүлэх бөгөөд 10-р сард энэ оны сүүлийн баг тамирчид аялалдаа гарцгаах юм байна.

 

“4 АЙМАГ 400 КМ" явган алхалтын хөтөлбөрийн эхний баг аялалаа өндөрлөлөө  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх