Өнөөдөр Монголын ҮЭ-ийн холбооноос “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол орон даяар Хөдөлмөрчид, ард иргэдийн дуу хоолойг төр, засагт хүргэх тайван жагсаал цуглааныг нэгэн зэрэг зохион байгуулан 11 нэр төрлийн шаардлагыг Улсын их хурал, Засгийн газрт хүргүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ
ШААРДЛАГА
Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн болон валютын ханшны өсөлтийн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэнээр иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн бодит худалдан авах чадвар буурч иргэдийн амьжиргаа эрс доройтож байна.
МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагын зүгээс удаа дараа төрийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг ТҮ1-3 ангилал зэрэглэлийн ажилтнуудын асуудлаар санал, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл УИХ, Засгийн газраас бодитой шийдвэр, үр дүнг эцэслэн гараагүй байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн “Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн” гэсэн 27.2.2 дах заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нэн яаралтай томилж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах зэрэг нийгмийн даатгалын салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээс хойш тасралтгүй 14 хоног өдөр бүр 12 цаг ажилладаг уул уурхайн салбарын ажилчдад хууль ёсоор олгох ёстой цалин хөлс 30 орчим хувиар багасгаж, илүү цагийн нэмэгдэл, баярын өдрийн нэмэгдлийг хассан.
Хөдөлмөрийн нөхцөл дордох, цалин хөлс, нийгмийн хамгаалал буурах зэрэг ажлын байрны дарамт ихэссээр байгаа бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ажлын байр багасах, ажилчдыг халах эрсдэл ихсэхээр нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаагаар нийт 410 ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, НХХ-ын сайдын 77 дугаар тушаалд оруулах хүсэлт хүргүүлсэн боловч, одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй байсаар байна.
Иймд УИХ, Засгийн газраас нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, иргэд, хөдөлмөрчдийн амьжиргаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
гэсэн байна.
Өнөөдөр МҮЭХ-ноос тайван жагсаал хийж 11 зүйл бүхий шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна | |
Jaran.MN Facebook |