Өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр

2022/05/01
Өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” буюу “Майн нэгний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий даяар жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг билээ.

Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай

“Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг анх тэмдэглэх болсон түүхийг сөхвөл, Америкчууд ажлын цаг хэт урт, ажиллах орчин нөхцөл муу, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийсэн өдөр буюу 1886 оны тавдугаар сарын 1-нээс эхтэй.

Энэ өдөр Америкийн үйлдвэрчний эвлэлүүд олныг хамарсан жагсаал хийж, ажлын цагийг 8 болгон богиносгохыг шаардан тэмцэж эхэлжээ.

Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчид тэмцлээ өргөжүүлж, тавдугаар сарын 4-нд нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн Чикаго хотын Хеймаркетын талбайд бөмбөг тэсэлсний улмаас олон цагдаа амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаж байжээ.

Үүний дараа амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэн, жагсаал хийж эхэлсэн бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Парисын конвенцоор 1889 онд Тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан түүхтэй. 

 

 

Өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх