Уорли инженеринг компанийн ажилчид ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа илэрхийллээ

2022/05/01
Уорли инженеринг компанийн ажилчид ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа илэрхийллээ
2022 оны 01 сарын 01–ны өдрөөс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 92 дугаар зүйлийн 92.1–д зааснаар уул уурхай олборлох салбар түүнд хамааралтай бусад салбарын ажилчид уртын ээлж буюу 14/14 хувиараар ажиллаж ирсэн.

Хууль хэрэгжихтэй холбогдуулан түүний дагаж мөрдөх журмыг Монгол Улсын Засгийн газар түүний харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллаас гаргасан ХНХЯ–ны Сайд Аюушын Ариунзаяа 2021 оны 12 сарын 06–ны өдөр A/192 дугаартай тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам'–ыг батлаж гаргасан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон Уртын Ээлжийн зохицуулалтыг тусгаж өгөөгүй байна. 

Тус журмын 1.6–д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 гэж тодорхойлсон нь 5 өдөр ажиллаж 2 өдөр амардаг ажилчид болон ээлжийн ажилчдад тохирч байна. 
 
Харин  14 хоног ажилладаг уртын ээлжийн ажилчдын ажлын дундаж хоног Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн 92.3–т зааснаар хуанлийн хоногоос хамаарч 80–104 цаг байна гэж огт дурьдалгүй орхигдуулсан нь уртын ээлжээр ажилладаг ажилчид болон Ажил олгогч нарын хооронд үл ойлголцол үүсэхэд хүргэжээ.
 
Улмаар цалин хөлсний хэмжээнд ихээхэн өөрчлөлт гарч 50-60 хувь хэмжээгээр буурч уртын ээлжээр ажилладаг ажилчдын амьдрал ар гэрт нь санхүүгийн дарамт ирж ихээхэн нөлөөлж ажил хөдөлмөр эрхэлж байгаа мөртлөө зээлээ ч дарж дийлэхгүй хэмжээнд хүрч уртын ээлжээр ажилладаг ажилчид хөдөлмөрчид туйлдаа хүрч цаашид ажиллах боломжгүй тийм хурцадмал нөхцөл байдал нийгэмд үүсч байна. 
 
Рио Тинто болон Оюу Толгой, Уорли Инженеринг компаниуд ЗГ–ын харьяа ХНХЯ–аас батлаж гаргасан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар шалтаглан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийг дагаж мөрдөх журмын 2 дугаар заалтыг зөрчиж ажилчдын эорх ашиг ноцтой зөрчигдөж байна. 
 
Тус хуулийн 92.3, 87, 109 дүгээр заалтуудыг үл хэрэглэн сарын ажлын цаг 168, Уорли Инженеринг ГХО компани 173.3 цаг гэх мэтээр хэрэглэх болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулиас давсан, хуулийг дордуулсан журам  батлан гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардах болжээ. 
 
Улмаар  үг хэлэх эрхээ хэрэгжүүлсэн ажилтныг айлган сүрдүүлж сануулга өгөх зэргээр эрх ашгыг нь хохироож Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн дагаж мөрдөх журмын 2 дугаар заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийгн 92 дугаар зүйлийн 92.3–ийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн үйлдлүүдийг гаргасаар байна.
 
Мөн Хөдөлмөрийн гэрээгээрээ тохирсон үндсэн цалингаа олгохгүй цагийн цалингийн журам нэртэй цалин бодох аргачлал зохион гаргаж Хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцолгүйгээр илт зөрчиж цалин хөлсийг нь хууль бусаар багасган олгох болсон байна. 

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Уорли Инженеринг компанийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос ажил олгогч Уорли Инженеринг ГХО компанид удаа дараа шаардлага хүргүүлэн хууль бус үйлдлээ засахыг хүссэн боловч Уорли Инженеринг компани хууль бус үйлдлээ засахаас татгалзсан мөн хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж СБД засаг даргын тамгын газарт хөдөлмөрийн эвлэрүүлэн зуучлах зуучийг томилуулах хүсэлт гаргасан боловч гурван талт үндэсний хорооноос журам шинэчлэгдэн батлагдаагүй гэсэн шалтгаанаар Шүүхэд ханд гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм байна. 

Үүний дараа  Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт хандсанаар хөдөлмөрийн эвлэрүүлэн зуучлах зуучийг томилуулан 3 талт уулзалт хийх болсон ч  Уорли Инженеринг компани оролцохоос татгалзжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн 148.3 зааснаар “Ажил олгогч Хөдөлмөрийн Зуучлагчийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан бол энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрчний эвлэл ажил хаялт зохион байгуулж болно” гэж заасан байдаг. 
 
Тиймээс тус үйлдвэрчний эвлэлийн хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан ажил хаялт зарлаж суулт хийх нөхцөл улмаар цаашлаад өлсгөлөн зарлах хүртэлх шатанд шилжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 
 
 
Уорли инженеринг компанийн ажилчид ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа илэрхийллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх