Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Ц.Сүхбаатар, Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нар өнгөрөгч 4-р сард Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудал, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хүсэлт тавьсан байна.
Мөн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс уг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс тодорхой хувийг гаргахаар ажиллаж байгаа боловч бүрэн шийдэх боломжгүй байгаа тухай албан бичиг ирүүлсэн байна.
Иймээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг асуудлыг шуурхай ажил хэрэг болгох, шаардлагатай төсвийг 2023 оны Улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс шийдвэрлүүлэх үүднээс Барилга, хот байгуулалтын сайдад 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-03/3585 дугаартай албан бичгээр хандсан байна.
Тус албан бичгийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нь Дорнод аймагт газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай нь танилцаж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Мөн шугам сүлжээний насжилтаас хамаарсан засвар шинэчлэл хийх, шинээр барих төслийг 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтээр хэрэгжүүлэх санал боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байгаа тухай хариуг ирүүлжээ.
Чойбалсан хотын шугам сүлжээг шинэчлэх хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байна | |
Jaran.MN Facebook |