Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Ардчилсан намын даргын сонгууль зохион байгуулсан. Улмаар тус сонгуульд 117,000 гишүүд дэмжигчид санал өгснөөс 113,000 нь өөрийн биеэр ирж цаасан дээр дэмжсэн санал өгсөн байна. Үүний дараа АН-ын их хурлаар батламжилсан бөгөөд АН-ын даргаар батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандаад байгаа юм. Улсын Дээд шүүх Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгэх эсэх асуудлыг маргааш буюу 5-р сарын 20-нд хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан маргааш Улсын дээд шүүхийн гадаа АН-ын цуглаан болох юм. Уг цуглааныг тус намаас зохион байгуулаагүй, гишүүд дэмжигчид нь сайн дурын үндсэн дээр оролцоно гэж мэдэгдэж байна.
Цуглаанд орон нутгаас гишүүд дэмжигчид нь очиж оролцох бөгөөд Дорнод аймгаас АН-ын дарга У.Даш, Хэрлэн сумын АН-ын дарга С.Мөнхжаргал, Чойбалсан сумын АН-ын дарга Д.Энхболд, Дашбалбар сумын АН-ын дарга Б.Баттулга тэргүүтэй 40 гаруй хүн оролцох юм байна.