Баянтүмэн сумын 2-р багийн нутагт 3-4 өрхийн 10 гаруй толгой үхэр арьс товруутах өвчнөөр өвчилжээ. Тухайн малчин өрхийн орчимд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа тухай малчид мэдээлж байна. Харин Дорнодын Мал эмнэлгийн газар үхрийн арьс товруутах өвчин гараагүй хэмээн дээрх мэдээллийг нуун дарагдуулж байна. Гэвч одоогоор 10 гаруй үхэр өвчилсөн, халдвар хаанаас гарсан нь тодорхойгүй байгаа юм.
Үхрийн арьс товруутах өвчнөөр өнгөрсөн онд Дорнод аймгийн 13 сумын 583 малчин өрхийн 2460 толгой үхэр устгагдсан. Үүний нөхөн олговор 2,7 тэрбум төгрөг Улсын төсвөөс гарах бөгөөд одоогоор хэзээ малчдад олгогдох нь тодорхой болоогүй байгаа.
Өнгөрсөн онд уг өвчний вакцины олдоц муу байсантай холбоотойгоор хонины цэцгийн вакциныг өсгөсөн тунгаар хийж байсан бол энэ жил 5 дугаар сард арьс товруутах өвчний зориулалтын вакциныг ОХУ-аас авчирч зүүн аймгуудын үхэр сүргийг дархлаажуулсан, үүн дотор Дорнод аймгийн хэмжээнд 332400 толгой үхэр буюу нийт үхэр сүргээ вакцинд хамруулж байгаа тухай Мал эмнэлгийн газраас мэдээлсэн.
Уг өвчин нь шууд устгах заалттай учраас эдийн засгийн хувьд өндөр эрсдэлтэй. Нөгөө талдаа ОХУ-аас өндөр өртгөөр авчирч тарьсан вакцины үр дүнгийн баталгаа ч эргэлзээ үүсгэж байна. Аль эсвэл эдгээр өвчилсөн үхэр вакцинд хамрагдсан уу, халдварын эх үүсвэрийг тогтоосон уу зэрэг асуултууд хариулт нэхэж байна.
Баянтүмэн суманд гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөр 10 гаруй үхэр өвчилжээ | |
Jaran.MN Facebook |