Э.Хүслэн: Хөдөө орон нутагт суралцаж байгаа хүүхдүүдэд сургалтад хамрагдах боломж хомс байдаг

2022/08/31
Э.Хүслэн: Хөдөө орон нутагт суралцаж байгаа хүүхдүүдэд сургалтад хамрагдах боломж хомс байдаг

Өнөө үед хэлний боловсролдоо анхаардаг, өөрөө бие дааж суралцах сонирхолтой хүүхэд залуус олширсоор. Үүний нэгэн жишээ бол Чулуунхороот сумын ЕБС-ийн шинэхэн төгсөгч Энхтүвшиний Хүслэн. Түүний хувьд Орос хэлийг гүнзгийрүүлэн судлах сонирхолдоо хөтлөгдөн багшаасаа давтлага авч эхэлсэн байна. Хэдий цар тахлын хөл хориотой байсан ч энэ нь түүнд сайнаар нөлөөлж гэрээр ганцаарчлан хэлээ давтах, төвлөрөх боломжийг бий болгож өгчээ. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд Э.Хүслэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тэтгэлэгээр тус улсын дурын сургуульд суралцах эрхийг олж авч чадсан юм.

Юуны түрүүнд ОХУ-д суралцах тэтгэлэгт тэнцсэнд нь баяр хүргэе, ямар амжилт үзүүлж уг тэтгэлэгт хамрагдах эрхээ авсан бэ?

Баярлалаа, Улаанбаатар хотноо болсон Орос хэлний улсын олимпиадын 12 дугаар ангийн төрөлд ороод “Тусгай байр” эзэлж суралцах эрхээ авсан байгаа.

Орос хэлийг сонгон судлах болсон шалтгаан юу байв, бусад хэлээс юугаараа онцлог санагдсан бэ?

Анх 7 дугаар ангид Орос хэл ороход их амархан бас сонирхолтой санагдаад дуртай болсон. Бусад хэлтэй харьцуулбал дүрэм нь ойлгоход хялбар ч үг хувиргалт нь хэцүү байдаг. Нэг үг гэхэд зургаа, долоон тийн ялгал дээр хувирдаг, үйл үгнүүд нь хүйс болгон дээрээ олон янзаар хувирдаг.

Хичээлээ давтах арга барилаасаа манай уншигчидтай хуваалцаач?

Тасралтгүй олон цагаар давтах ч юм уу, өглөө, өдөргүй суудаг хүмүүс байдаг шдээ. Би харин өөртөө тэгж ачаалал өгч хийдэггүй. Яг хийх ёстой цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Тухайлбал, 3-5 цагийн хооронд орос хэлээ давтахдаа багшаасаа асуух зүйлээ асуучихаад тест ажилладаг. Яг нэг зүйлдээ төвлөрөөд хийхээр гараас гарах зүйл нь ч их, хичээлээ ойлгох нь амар байдаг л даа.

Мэргэжилээ сонгосон уу?

Мэргэжлээ сонгоогүй байгаа. Өөрт олдсон энэ ховор боломжинд нухацтай, ул суурьтай хандах нь зүйтэй. Тийм ч учираас мэргэжилээ ч, сургуулиа ч сайн судлаж байж шийднэ. Азаар суралцахад нэг жилийн зай байгаа болохоор зөв шийлвэр гаргана гэж итгэж байгаа.

Бүтэн жил хүлээх юм байна шүү дээ. Энэ хугацаанд хийж үзэхийг хүссэн зүйлс байгаа юу?

Хэлний бэлтгэлд явна, ажил хийж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өөрийгөө хөгжүүлэх ямар боломжууд байна тэр бүхнийг хийж үзэхийг хүсэж байна.

Чөлөөт цагаа юунд илүүтэй зарцуулдаг вэ?

Найзуудтайгаа ярилцах, ном унших, гадаад хэл дээр кино үзэх, подкаст сонсох гэх мэтчилэн. Бидний үеийн хүүхдүүд интернэтэд маш их цагийг зарцуулдаг. Гэхдээ өөртөө хэрэгтэй мэдээлэл сонсож үр ашигтай өнгөрүүлэхийг их хичээдэг. Цахим орон зай бол маш их эрх чөлөө шиг надад санагддаг. Мэдэхгүй байгаа, сонирхсон бүхий л зүйлээ хэдхэн секундийн дотор олж авч чадна гэдэг гайхалтай биш гэж үү.

Ээж аавыгаа хамгийн сүүлд хэзээ баярлуулсан бэ?

 Орос хэлний олимпиадад алт авахад ээж, аав маань маш их баярласан. Ээж аав бол хэзээ ч хүүхдээсээ эд зүйлс хүсдэггүй гэж боддог. Үр хүүхэд нь эрүүл, сайн явж байгаагаа харуулах нь хамгийн их баяр нь байдаг болов уу. Тийм болохоор ээж, аавдаа сайн явж байгаагаа харуулж санааг нь амар байлгахыг л хичээнэ дээ.

 Орон нутагт суралцаж байгаа хүүхдүүдэд юу хүрч очоосой гэж хүсдэг вэ?

Аймагт гаднаас янз бүрийн төсөл хөтөлбөр, сайн дурын сургагч багш нар ирж олон гоё сургалт, уулзалт явуулдаг. Бид ч гэсэн тийм сургалтад оролцохыг хүсдэг ч гэсэн төдийлөн боломж нь бүрддэггүй. Төвийн хүүхдүүд бол тийм зүйлд алгасахгүй оролцож өөрсдийгөө хөгжүүлэх боломж их байдаг. Заримдаа сумдаас нэг хүүхдийн төлөөлөл гэдэг ч бүх хүүхдэд адил тэгш, хүртээмжтэй байгаасай.

Цар тахал гээд хоёр жил гаран хөл хориотой байлаа. Энэ нөхцөл байдал чамд хэрхэн нөлөөлсөн бэ?

7-9 дүгээр ангид Орос хэл хичээлийн хувиар дээр байдаг байсан. Тэрнээс хойш 10-12 дугаар ангид сонгон судлах гээд орж үзэх ёстой байсан ч ковид гээд хичээл гүйцэд ороогүй болохоор багшаасаа давтлага ч сайн авч чадаагүй. Бие даагаад хэлээ давтсан. Миний хувьд яг ковидын хоёр жилийг хэлдээ анхаарахад зориулсан. Ганцаараа хичээл хийх нь тухайн зүйлдээ бүрэн төвлөрөх боломжийг бий болгож өгдөг юм билээ. Хичээл цахимаар орох нь жаахан хүндрэлтэй байсан. яг микээ нээгээд асуух гэтэл сүлжээ унаад гацах ч юм уу, хугацаанд баригдаад санаагаа бүрэн ойлгуулахад бэрх байдаг. Багштайгаа харилцах харилцаа маш чухал юм байна гэдгийг мэдсэн.

Тун удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна, юу бодогдох юм?

Дүрэмт хувцсаа өмсөөд сургууль руугаа явж байгаа хүүхдүүдийг жаахан хөнгөн гунигтай л санагдах байх, арван жил хүүхэд насны минь хамгийн нандин дурсамжуудыг бий болгосон болохоор сургуулиа, ангийнхныгаа үгүйлнэ дээ.

Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна, сүүлийн хормыг танд үлдээе?

Энэ ярилцлагын дашрамд багш нартаа, ялангуяа орос хэл заасан Ц.Чулуунчимэг багшдаа маш их баярлалаа. Мөн намайг зочноороо урьсанд танай сайтад баярлалаа.

Хүссэн мэргэжлээрээ суралцаж эх орондоо ирж ажиллаарай, амжилт хүсье!

Э.Хүслэн: Хөдөө орон нутагт суралцаж байгаа хүүхдүүдэд сургалтад хамрагдах боломж хомс байдаг  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх