Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголчуудын бахархал, үнэт өв болсон үндэсний бичгээ хэрэглэх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хамт олон, багш, суралцагчдын амжилт, бүтээлийг цувралаар хүргэж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, уран бичээч Э.Цэцэгдарь, Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Т.Нармандах нар хамтран Дорнод аймагт “Тэнгэрийн зурлага-2023” уран бичлэгийн үзэсгэлэнг гарган, Дорнод аймгийн Төв номын санд 2023 оны 2 дугаар сард нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнд үндэсний бичгийн эвхмэл угалзан, таталган, уран бичээсийн гайхамшгийг үзүүлж, даавуу, муутуу цаасан дээр урласан бийрэн болон хулсан үзгийн 50 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Дорнод аймгийн БШУГ, ЗДТГ, Төв номын сан, Соёл урлагийн газар, Хэрлэн сумын 2, Шинэ хөгжил цогцолбор сургуулиуд дэмжин, хамтарч ажилласан байна. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдээр “Тэнгэрийн зурлага” сэтгүүл гарган, Дорнод аймгийн ИТХ-аас батлан гаргасан “Эрдэм хөтөлбөр”-өөс санхүүжүүлж, олон нийтийн хүртээл болголоо. Гайхамшигт бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, үндэсний бичиг соёлоо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш нарын ажилд улам их амжилт хүсье.