Энэ жил автомашингүй өдөр 6 сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Тэмцээн 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой. “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ. Тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогоор Япон, Франц, Кени зэрэг улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үүднээс 21, 42 км-ийн гүйлтийн зай, төрлийг нэмсэн.
“Улаанбаатар марафон 2022”-т анх удаа тамирчдын гүйлтийн үеийн үзүүлэлтүүдийг хэмжих, барианд орсны дараа автоматаар зургийг нь даран, бүртгэл үүссэн хаяг руу илгээдэг RFID технологийг нэвтрүүлж байсан. Энэ жил ч тус үйлчилгээг оролцогчдод үзүүлэх бөгөөд амжилттай оролцсон иргэдэд онлайн хэлбэрээр батламж олгоно. “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийх юм. Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэнэ.
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Автомашингүй өдөр 6 сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно | |
Jaran.MN Facebook |