Энэ онд АДАПТ төслийн санхүүжилтээр болон аймгийн Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар таван сумын зургаан булгийн эхийг хашаалах ажил хийгдлээ. Тус ажлыг аймгийн Засаг даргын 2023 оны А/511 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зураг төсвийн дагуу хүлээж авах ажлыг зохион байгуулав.
Тодруулбал Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Чулуутын булаг”, Баянтүмэн сумын 2 дугаар баг “Хустайн булаг”, Булган сумын 4 дүгээр баг “Шанагийн булаг”, Гурванзагал сумын 2 дугаар баг “Мэлхийн булаг”, Матад сумын 1 дүгээр баг “Сүмийн булаг”, “Хөх усны” булгуудыг хашаалсан юм. Булгийн эхийг хашиж, хамгаалснаар ундарга нэмэгдэх, урсац задгайрч мал, зэрлэг амьтдын усан хангамж сайжрах нөхцөл бүрдэж байна.
Булгийн эхийг хашаалах гадаргын усны урсцыг нэмэгдүүлэх, эх ундаргыг хамгаалах, гадаргын усны сав газарт хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоох ажлуудыг орон нутгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал болон олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлж байна хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.